СЭЛЭНГЭ: “Ой баясах” ХХК шилдгээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-19 13:22:34

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооноос тодруулсан “Холбооны 2023 оны Шилдэг байгууллага”-аар “Ой баясах” ХХК шалгарчээ.

 

“Ой баясах” ХХК нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйл ажиллагаагаа явуулдаг. Тус компанийн хамт олон алдарт Тужийн нарсны бүтээн байгуулалтад манлайлан оролцож, монгол орны ойн нөхөн сэргээлтийн тарьц, суулгацын хамгийн жишиг нөөцийг бүрдүүлж яваа аж.

 

Тус компанийг үүсгэн байгуулагч, Ойн инженер Б.Эрдэнэчимэг бүс нутгийнхаа болон ойн салбарын залуу хойч үеэ чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэхэд үлгэр дуурайл үзүүлж яваа хөдөлмөрч бүсгүй юм.

 

Мөн эднийхэн үе үеийн хамт олонтойгоо нийтдээ 12000 га ойжуулах ажлыг гүйцэтгэсэн туршлагатай бөгөөд жилд хэдэн мянгаар тоологдох стандартын тарьц суулгац тарьж ургуулан улсад болон иргэдэд нийлүүлж байгаа амжилтаараа ийнхүү шилдэг хамт олон болжээ.

 

“Ой баясах” компанийн хамт олон Тужийн нарсанд 1050 га, Алтанбулаг сумын нутаг дахь Их Дүгэрээд 80 га, нийтдээ 1330 га газарт ойжуулалт хийсэн бөгөөд өнөөдөр 20-30 нас хүрсэн өтгөн сайхан ойгоороо бахархаж байна. 

Related news