ЗАВХАН: Малынхаа үүлдэр угсааг сайжруулж бэлчээрээ хамгаалахад хамтардаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-21 16:50:39

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Тус аймаг малын чанар сайжруулах, эрчимжсэн аргаар үхэр, хонины махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


Ялангуяа эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих улсын бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж байгаагийн нэг нь нутгийн шилмэл омог, хэвшил болон цэвэр эрлийз малын тоо нэмэгдэж байна.


Тухайлбал цэвэр үүлдрийн үхэр 2.5 мянга, шилдэг үүлдрийн адуу 10.7 мянга, тэс хэвшлийн адуу 2.1 мянга, шилдэг үүлдрийн ямаа 198.9 мянга, цэвэр үүлдрийн хонь 315.3 мянгыг өсгөн үржүүлжээ.


Тус аймагт сартуул үүлдрийн хонь, Тэс омгийн адуу, Завхан буурал үүлдрийн ямаа, монгол үхэр, сарлаг үхрийг цөм сүрэг хэлбэрээр өсгөн үржүүлж байна. Сүүлийн хоёр жилд малчид уламжлалт мал маллах арга ухааныг, орчин үеийн биотехнологийн дэвшилтэт арга технологитой уялдуулан малын чанарыг сайжруулах.




Өндөр ашиг шим бүхий малын тоо толгойг нэмэгдүүлэн малаа эдийн засгийн эргэлтэд оруулахад хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ нь айл хотлоороо, багаараа нэгдэж малчны бүлэг хоршоо, нөхөрлөлийн хэлбэрт шилжин өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа сайн жишээ олон байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Өнөөдрийн байдлаар Завхан аймаг 24 сумын малчдынхаа 80 гаруй хувийг бэлчээр ашиглагчдын зохион байгуулалтад оруулж, гэрээ байгуулж чадсан байна. Гэрээ байгуулснаар малчид бэлчээрийн сэлгээ нүүдлийг маш сайн хийдэг болсон. 


Аймгийн 23 сумын 6919913 га бэлчээрийн газарт фото мониторинг хийсэн. Аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргадаг. 2022 онд Тосонцэнгэл суманд долоон цэг, Их-Уул суманд зургаан цэгийг шинээр байгуулсан.



Харин мониторингийн цэгээ өтгөрүүлэх зорилгоор, Дөрвөлжин, Түдэвтэй, Цагаанхайрхан гэхчлэн сумдад цэгийн тоог нэмж, энэ онд аймгийн хэмжээнд 26 цэгийг шинээр нэмсэн байна. Аймгийн хэмжээнд 23 сумын 181 бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн байна гэж Завхан аймгийн ГХБХБГ-аас нэмж мэдээлэв. 

Related news