Samsung компани Японд чипний судалгааны төв байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-22 09:26:50

ТОКИО, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /Nikkei/. Дэвшилтэт хагас дамжуулагчийн судалгаа хөгжүүлэлтийн шинэ төвийг Токио хотоос холгүй байгуулахад нь зориулж Өмнөд Солонгосын Samsung Electronics компанид 20 тэрбум иений /140 сая ам.доллар/ татаас олгоно гэж Японы Аж үйлдвэрийн яам өчигдөр мэдэгдэв.


Чипний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох тус компанид Йокохама хотод судалгааны төвд байгуулахад зориулан татаас олгох гэж буй нь дотоодын чипний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд гаргаж байгаа Японы хүчин чармайлтын нэг хэсэг юм.


Ази дахь геополитикийн хурцадмал байдал өсөн нэмэгдэж, АНУ, Хятадын дунд технологийн өрсөлдөөн өрнөж буй энэ үед Япон улс гадаадын компаниудын хөрөнгө оруулалтыг татах замаар засгийн газраас чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж тодорхойлсон хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэхийг зорьж байна.


Японы Ерөнхий сайд Кишида Фүмио хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой төр, хувийн хэвшлийн уулзалтын үеэр үг хэлэхдээ, дэлхийн өнцөг булан бүр дэх компаниуд Японд хөрөнгө оруулах сонирхолтой байгааг онцолжээ. Уг уулзалтад Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Сайто Кен, Японы бизнесийн холбооны дарга Токүра Масаказү болон бусад компанийн удирдлагууд оролцсон байна.


Японы Засгийн газраас дэмжлэг үзүүлж буй гадаадын компаниудын тоонд Тайванийн TSМC /Күмамото муж/, Америкийн Micron Technology /Хирошима муж/, Америкийн Western Digital /Мие муж/  зэрэг корпорациуд багтаж байна. 

Related news