Maersk компани Улаан тэнгисээр тээврээ үргэлжлүүлэхээ мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-12-25 16:48:52

КОПЕНХАГЕН, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /CNN/. Дэлхийн тээврийн томоохон компани болох Maersk Улаан тэнгисээр хийх тээврээ сэргээхээр болсноо мэдэгдлээ. Ираны дэмжлэгтэй хутичууд худалдааны хөлөг онгоцууд руу халдсантай холбогдуулан тус компани тээврээ түр зогсоогоод байсан юм. 


Улаан тэнгис болон Адены буланг хамгаалах зорилгоор АНУ-ын тэргүүлсэн аюулгүй байдлын шинэ ажиллагааг эхлүүлсний дараа тээвэрлэлтээ үргэлжлүүлнэ гэдгээ Данийн Maersk компани ням гарагт мэдэгдсэн байна.  


Prosperity Guardian” хэмээн нэрлэсэн уг ажиллагаа нь тээврийн онгоцуудыг тус бүсээр дайран өнгөрөх боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ  нь “тээврийн салбарт төдийгүй дэлхийн худалдааны салбарын хувьд хамгийн таатай мэдээ юм” гэж Maersk-ийн мэдэгдэлд дурджээ. 


Үндэстэн дамнасан аюулгүй байдлын ажиллагаанд Их Британи, Бахрейн, Канад, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Сейшелийн арлууд, Испани зэрэг орнууд нэгдсэн байна.  


Хутичуудыг худалдааны хөлөг онгоц руу халдсантай холбогдуулан дэлхийн томоохон компаниуд, түүний дотор газрын тосны томоохон компани болох ВР Улаан тэнгис дэх үйл ажиллагаагаа түр зогсоож, Суэцийн сувгаар дамжин өнгөрөхөөс зайлсхийж байгаагаа мэдэгдсэн юм. Хутичуудын хувьд тэдгээр халдлагыг Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж буй Израилаас өшөө авч буй явдал гэж мэдэгджээ.

Related news