ХОВД: Хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх чиглэлээр ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-26 17:08:32

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүүхдийн хөгжлийг үнэлж, хөгжлийн хоцрогдол ба бэрхшээлийг эрт илрүүлэн оношлох, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах чиглэлээр өнөөдөр уулзалт зохион байгууллаа.


Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлснээр хүүхдийг хугацаа алдахгүй хөгжүүлэх, хоёрдогч бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хожим гарах зардлыг багасгах, амьдралын чанарт нь эерэгээр нөлөөлөх зэрэг ач холбогдолтой.  


Хүүхдийн хөгжил хэвийн байгаа эсэхийг эцэг, эхчүүдээс гадна өрхийн эмч, сургууль, цэцэрлэгийн багш нар ажиглах боломжтой. 

Иймээс энэ удаагийн уулзалтад Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн удирдлага, эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцууллаа. 


Уулзалтын үеэр аутизм өвчний шинж тэмдэг, хүүхдийн хөгжлийн үнэлгээний кабинетийн үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилго зорилтын талаар танилцууллаа.  

Ингэснээр "хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг зөв үнэлж, ялгаатай байдлыг эрт илрүүлэн оношлох боломж өргөжиж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд ахиц гарна. Цаашлаад сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг сайжирч, оролцоо нэмэгдэнэ" гэж зохион байгуулагчид үзэж байна.    

Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэг нь жилд дунджаар 120 мянга гаруй хүнд үйлчилдэг. Тус эмнэлгийн хамт олон энэ онд "Хүүхдийн хөгжлийн үнэлгээний кабинет" байгуулсан нь шинэлэг ажил боллоо.  


Уг кабинет нь Ховд аймаг төдийгүй баруун бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зохих сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байгаа гэж энэ удаагийн уулзалтын үеэр онцоллоо.


Ирэх онд хүүхдийн хөгжлийн хоцрогдол ба бэрхшээлийг эрт илрүүлэн оношлох, эмчлэх ажлыг эрчимжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, сургалт, нөлөөллийн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.   

Related news