БАЯНХОНГОР: Улсын аваргад нэр дэвшигчдийг ХХААХҮЯ-нд уламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-09 11:13:10

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын баг хуралдаж, Улсын аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланчид нэр дэвшсэн нэр бүхий малчдын асуудлыг Засгийн газраас гаргасан холбогдох журмыг үндэслэн авч хэлэлцэв.


Удирдлагын багийн хурлаар хэлэлцээд, Баянхонгор аймгаас

Улсын аварга малчин – 15,

Улсын хошой аваргад -  1, 

Улсын аварга саальчинд – 1,   

Улсын аварга тариаланчид - 1 хүний нэрийг ХХААХҮЯ-нд  уламжлахаар шийдвэрлэлээ.


Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын дагуу авч хэлэлцэн, шалгарсан хүмүүст сар шинийн босгон дээр шагналыг гардуулна.



Мөн жил бүрийн сар шинийн босгон дээр аймгийн хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалын дагуу удаах үйл ажиллагаанууд удахгүй өрнөнө. Тодруулбал, салбартаа үр бүтээлтэй ажилласан жил, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо, чанар  бусад малчдыг малжуулсан байдал зэрэг 10 гаруй үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, Аварга малчин өрх, Хошой аварга малчин өрх, Аймгийн аварга саальчин, Аймгийн аварга тариаланч,  Аварга тариаланч хамт олоныг шалгаруулан урамшуулах юм байна.

Related news