Дэлхий даяар цахилгаан машины борлуулалт 31 хувиар өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-01-11 10:59:54

ЛОНДОН, 2024 оны нэгдүгээр сарын 11 /Reuters/. Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүрт автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд 2023 онд 31 хувиар өссөн тухай зах зээлийн судалгааны Rho Motion компани мэдээлэв. Гэхдээ энэ бол 2022 онд 60 хувиар өссөнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.


Өсөлтийн хурд саарч байна, гэхдээ энэ нь хурдацтай тэлж буй зах зээлийн хувьд байж болох зүйл. Жил бүр хоёр дахин өснө гэдэг бол хүндрэлтэй” гэж Rho Motion фирмийн мэргэжилтэн Чарльз Лестер ярилаа.


Өнгөрсөн онд цахилгаан автомашины борлуулалт Rho Motion-ы шинжээчдийн таамаглаж байсантай /30%/ ерөнхийдөө дүйцсэнийг тэрбээр дурдав. Харин 2024 онд борлуулалт 25-30 хувиар өсөх ажээ.


Тус компанийн мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сард борлуулалт сарын дээд үзүүлэлт болох 1.5 саяд хүрчээ. 2023 онд дэлхий даяар зарагдсан 13.6 сая цахилгаан автомашины 9.5 сая нь бүрэн цахилгаан буюу цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол үлдсэн хувийг нь хос хөдөлгүүрт автомашин эзэлж байна.


Цахилгаан автомашины борлуулалт сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн боловч жолооч нар ойрын 2-3 жилийн хугацаанд худалдаанд гарах илүү сайн, овор багатай, хямд загваруудыг хүлээж байгаа тул Европ болон бусад орнууда борлуулалт саарч магадгүй гэж автомашин үйлдвэрлэгчид таамаглаж байна.


Өнгөрсөн онд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт АНУ, Канадад 50 хувиар, Европт 27 хувиар, Хятадад 15 хувиар өсжээ. Мөн Германд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд олгодог татаасыг цуцалсан нь 2024 онд Европ дахь борлуулалтад нөлөөлж магадгүй гэж Ч.Лестер үзэж байна.



Related news