“Шилдэг зохион байгуулалттай оролцсон аймаг”-аар Сэлэнгэ шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-27 13:16:46

“Намрын ногоон өдрүүд-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын зохион байгуулагдсан “Алтан намар -2016” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, “Эрүүл хүнс-2016” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймаг амжилттай оролцлоо.

Энэ сарын 14-нөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Мишээл Экспо” төвд болсон “Алтан намар -2016” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Алтанбулаг, Баянгол, Цагааннуур, Жавхлант, Орхон сумдын 40 гаруй ногоочид 2000 тн төмс, 3000 тн хүнсний ногоо, 5000 ширхэг даршилсан ногоо, 1 тн зөгийн бал борлуулжээ. Тэд 7 хоногийн турш нийслэлийн хүн амыг  эрүүл, экологийн цэвэр төмс, хүнсний ногоогоор хангах үйлчилгээг үзүүлж, нэг тэрбум 500 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Ингээд үзэсгэлэн худалдааны шалгаруулалт явагдахад Сэлэнгэ аймаг “Шилдэг зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”-аар,  Сэлэнгэ, Шаамар сумын ногоочин О.Батсайхан “Шилдэг ногоочин”-оор, Ерөө сумын “Ундрах ерөө” хоршоо “Шилдэг хоршоо”-гоор   шалгарч өргөмжлөл, цомоор шагнуулжээ.

Түүнчлэн “Эрүүл хүнс-2016” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Шаамар сумын хоёр аж ахуйн нэгж, Шаамар, Сүхбаатар сумдын гурван хүнс үйлдвэрлэгч оролцсан байна. Тэд 1500 ширхэг хмелийн талх, 5000 ширхэг зөгийн балаар баяжуулсан бүтээгдэхүүнээр үйлчилж 35 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.  

 Сэлэнгэ аймаг Отгонцэцэг

Related news