Итали улс Казахстаныг чухал түнш гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-19 11:36:40

РОМ, 2024 оны нэгдүгээр сарын 19 /TASS/. Итали улс Казахстаныг гол түншээ гэж үзэж байгаа бөгөөд олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр төлөвлөж байна. 


Энэ тухай Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони тус улсад анх удаа албан ёсны айлчлал хийж буй Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевтай уулзсаныхаа дараа олон нийтийн X (хуучнаар Твиттер) сүлжээнд бичжээ. 


"Казахстаны Ерөнхийлөгчийн айлчлал нь манай хоёр улсын харилцааны стратегийн ач холбогдлыг баталж байна. Стратегийн ач холбогдол бүхий салбаруудад хамтран ажиллах тухай чухал протокол, гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан нь манай улс Казахстан төдийгүй Төв Азитай түншлэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгааг илтгэж байна" гэж Ерөнхий сайд бичсэн байна. 


Италийн ANSA агентлагийн мэдээлснээр, Гадаад хэргийн яаманд болсон хоёр талын яриа хэлэлцээ, бизнес уулзалтуудын дараа санхүү, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тэр дундаа сэргээгдэх эх үүсвэрийг ашиглах чиглэлээр арилжааны шинжтэй 12 санамж бичигт гарын үсэг зурсан байна. Яриа хэлэлцээ, бизнес уулзалтууд эрчим хүчний Eni, цэрэг-аж үйлдвэрийн Leonardo зэрэг Италийн тэргүүлэх компаниуд оролцжээ. Тус улсын Saipem компани Казахстанд сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулах зорилтыг дэмжихээр төлөвлөж байна. Казахстаны тал Италид стратегийн чухал ашигт малтмалуудыг нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Талууд мөн хоёр улсын компаниудын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролсон байна. 


Казахстан нь Италийн экспортын хувьд хурдацтай тэлж буй зах зээлүүдийн нэгд тооцогддог. 2023 оны эхний 10 сард тус улс руу хийсэн Италийн экспортын хэмжээ 30 гаруй хувиар өсжээ. 

Related news