ДОРНОГОВЬ: Их говийн тэмээчид өв соёлоо сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-13 14:01:41

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хоёр бөхтэй тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээний соёлыг сурталчлах, гадаад дотоодын жуулчдыг татах зорилгоор аймгийн ЗДТГ-аас “Их говийн тэмээ” наадмыг хоёрдугаар сарын 17-нд Сайншанд сумын нутаг, Хамарын хийд явах гурван замын уулзварт зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тэмээний наадмаар өргөн бүрэлдэхүүнтэй тэмээний жагсаал болохоос гадна тайлаг, торомны уралдаан, тэмээний буухиа, тэмээн поло тэмцээн, шилмэл буур, ингэ, сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох юм.


Дорноговь аймгийн бүх сумын тэмээчид оролцсон тэмээний наадмыг өнгөрсөн оны хоёрдугаар сард зохион байгуулж байсан бөгөөд энэ үйл ажиллагаа нь говь нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын брэнд үзмэр үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон зорилго агуулсан байдаг. Тэмээний наадмыг дотоод, гадаадын аялагч жуулчид олноор зорин ирж сонирхон үздэг болжээ.   

Related news