ДУНДГОВЬ: ДЭМБ-аас Дундговь аймагт тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-28 17:31:18
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте Дундговь аймагт ажиллаж, гамшгийн эрсдэлийг бууруулах ажилд тусламж үзүүллээ.   


ДЭМБ-аас малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шатахууны 26 634 020 төгрөгийн зардлыг санхүүжүүлэхээр болж, 15 сумын 68 багийн эмчид эрүүл мэндийн анхан шатны тусламжийн цүнх өгчээ.


Байгалийн гамшиг, онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ нь малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг авран хамгаалахаас гадна тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад анхаарах зайлшгүй шаардлагатай байдаг.


Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахын тулд энэ оны 2 дугаар сарын 15-наас 5 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд эрүүл мэндийн салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн.


Тиймээс энэ хугацаанд аймгийн ЭМГ, сумдын Эрүүл мэндийн төвтэй хамтран отроор өвөлжиж буй иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ хүргэх, зудын нөхцөл байдалтай байгаа сумдын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмийн хангалт хийх, отроор болон зудын бүсэд өвөлжиж буй өрхүүдэд гэрийн эргэлт хийх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг үйлчилгээг хүргэхээр төлөвлөж байгааг аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтантөгс онцоллоо. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зарим эмч нарыг нэмэгдэл хүч шаардлагатай зарим суманд томилон ажиллуулж байгаа аж. 







Related news