ДАРХАН-УУЛ: Иргэн, ААНБ-аас цугласан хандивыг малчдад хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-01 14:10:42

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ. Малчдад туслах хандивын аяныг аймгийн хэмжээнд өрнүүлж, онцгой комиссоор дамжуулан хүргэх ажлыг зохион байгуулна.




“Малчдадаа туслах аян”-д аймагт үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНБ идэвхтэй нэгдэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн онцгой комиссын шуурхай штабт нийт 13 байгууллага, хоёр иргэнээс 36.6 сая төгрөг, 12 нэр төрлийн 78.1 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал төвлөрчээ.




Дархан-Уул аймгийн тухайд зудтай аймгуудтай харьцуулахад хаваржилт харьцангуй хэвийн байгаа боловч алслагдсан зарим газарт цас их орж хүндрэх төлөвтэй байгаа аж.


Өнөөдрийн байдлаар 102 малчин өрхийн 1115 толгой мал хорогдсон дүн мэдээтэй, Дархан сумын хаваржилт хэвийн, Орхон, Хонгор, Шарын гол суманд цагаанаар зудархуу байна.


Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр малчдад олгосон тэжээлийг хуваарилах ажлын хүрээнд 720 малчин өрхөд нийт 4800 шуудай буюу 120 тонн тэжээлийг олгосон байна.


Мөн сумдын аюулгүй нөөцөөс 897 малчин өрхөд 102 тонн өвс, 432 өрхөд 35.3 тонн тэжээл олгожээ. Хандиваар цугларсан тусламжийг ирэх долоо хоногт 11 ажлын баг гарч малчдад хүргэх ажлыг зохион байгуулах болсныг шуурхай штабыг ахалж буй аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан мэдэгдлээ.




Аймгийн хэмжээнд 1178 өрхийн 261286 толгой мал, бусад аймагт хоёр өрхийн 496 толгой мал хаваржиж байна.

Related news