ДТГ-ууд болон Соёлын элч нар малчдад туслах хүмүүнлэгийн аянд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2024-03-06 08:56:20

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол орны ихэнх нутагт хаваржилт хүндэрч, зудтай байгаа тул Монголын Улаан загалмай нийгэмлэгээс “Малчдад туслах” сайн дурын хандивын аяныг зохион байгуулсан. Тус аянд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Монгол Улсын Соёлын элч нар нэгдлээ.


Цас зудын улмаас байгалийн хүнд нөхцөлд байгаа малчин түмэндээ цаг зуурын энэ бэрхшээлийг даван туулахад бага ч болов дэм болж, тусламжийн гараа сунгах хүмүүнлэгийн үйлсэд хамт олноороо нэгдэж, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа нийт албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлав. Энэхүү аяны хандивыг энэ сарын 5-нд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Түншлэл нөөц хөгжүүлэх газрын дарга Б.Туяацэцэгт гардуулан өгөв.


Мөн өнгөрсөн сарын 27-нд яамны төв аппарат болон хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газруудад ажиллаж байгаа ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивласан юм.

Related news