ХОВД: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бараа, бүтээгдэхүүнээ сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-06 11:35:30

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/  Орон нутагт хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, бараа бүтээгдэхүүний борлуулалтыг өргөжүүлэх зорилгоор “Ховдын бүсгүйчүүд" өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл 70 гаруй хүн оролцож, ажил үйлчилгээгээ сурталчилж байна.

Энэ үеэр төрийн байгууллагын болон сэтгэл зүй, эрүүл мэнд, гоо сайхны үйлчилгээг цогц байдлаар нэг цэгээс үзүүлж байна.  Түүнчлэн эмэгтэйчүүдэд зориулсан бэлгийн багцыг үзэж сонирхох, худалдан авах боломжтой юм.

Үзэсгэлэн худалдааны үеэр Ховд аймагт үйлдвэрлэсэн сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, гоёлын ээмэг, зүүлт,  гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бараа, бүтээгдэхүүн дэлгэжээ. 

Мөн энэ үеэр бизнесийн салбарт тууштай ажиллаж олон иргэнийг ажлын байраар тогтвортой ханган ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл, онцлог ажлын байрыг сонгож, тууштай хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрч нэр бүхий эмэгтэйчүүдийг алдаршуулахаар төлөвлөжээ.

Орон нутагт анх удаа зохион байгуулж буй тус өдөрлөг, үзэсгэлэн худалдаа хоёр дахь өдрөө Ховд аймгийн Спортын төв ордонд үргэлжилж байна.

Тус өдөрлөг, үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Засаг даргын дэргэдэх эмэгтэй даргатай агентлаг, байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа юм.    

Related news