ӨВӨРХАНГАЙ: Эрчим хүчний төсөл аж ахуйн нэгжүүдээс шалтгаалан удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-07 12:21:54

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны 7.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр суманд хэрэгжиж байгаа цахилгаан түгээх шугам сүлжээний төслийн гүйцэтгэлийн талаар хариуцагч компани болон ЭБЦТС ТӨХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбар, аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.


2021 онд эхэлсэн тус төслийн хүрээнд Арвайхээр сумын цахилгаан түгээх 10/0.4 кВ-ын шугам сүлжээг сайжруулах, шонгийн модон тулгуурыг байгальд ээлтэй төмөр бетонон тулгуураар солих, айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх, СИП бүрээстэй утас татах ажлыг “Ричвелл инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа юм.



Одоогоор төслийн хэрэгжилт 83.1 хувьтай байгаа ба айл өрхүүд, ААН-ийн холболт бүрэн хийгдэж дуусаагүй байна. Энэ нь тухайн өрх айл, ААН-ээс хамаарч байгааг холбогдох албадаас хэллээ. Тодруулбал, ухаалаг тоолуур, гаднаас ирж байгаа үндсэн тэжээлийн утсыг төслийн нэгжээс гаргаж байгаа бол тоолуурын хайрцаг болон доторх тоноглолыг тухайн аж ахуйн нэгжүүд авах ёстой аж. Мөн төсөл нь 2019 оны зураг төсвөөр хэрэгжиж байгаа учир уг оноос хойш барилга барьсан аж ахуйн нэгжүүд тоолуур, кабелийн утас зэргийг өөрсдийн зардлаар авах учраас үл ойлголцол гарч, ажил удааширч байгааг энэ үеэр мэдээллээ. Арвайхээрийн сумын хэмжээнд 380В буюу гурван фазын тоолууртай 545, нэг фазын тоолууртай 482 аж ахуйн нэгж байна.


Түүнчлэн айл өрхүүд чанарын шаардлага хангахгүй кабелийн утас авчрах, хөнгөн цагаан, зэс гэсэн хоёр өөр төрлийн утсыг залгаж холбох зэргээр бэрхшээл учруулж байгаа гэв.


Төслийн хүрээнд 7698 айлыг ухаалаг тоолуурт холбох төлөвлөгөөтэй ч одоогоор гэр хорооллын 600, орон сууцны 1774 айл өрхийг холбосон байна. Мөн 69 дэд станцыг шинэчилж, дөрвөн дэд станцыг нэмэлтээр суурилуулж байгаа юм. Төслийн гэрээ энэ сард дуусгавар болж, улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. 

Related news