Америкийн цэргийн онгоц боомт барихаар Газыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-11 14:14:39

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 11 /BBC/. Газын эрэгт усан онгоцны түр зогсоол барих төхөөрөмж тээвэрлэсэн АНУ-ын цэргийн хөлөг онгоц Ойрхи Дорнодыг чиглэн явж байна гэж тус улсын арми мэдэгдэв.


General Frank S Besson нэртэй хөлөг Виржиниа муж улс дахь цэргийн баазаас бямба гарагт хөдөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад тусламжийг далайгаар хүргэхийн тулд хөвөгч боомт барина гэж өмнө нь мэдэгдсэн юм.


Газын зурваст өлсгөлөнгийн аюул нүүрлэхээс тойрох аргагүй нөхцөл байдал үүсэжхоол хүнс хангалтгүйн улмаас хүүхдүүд амиа алдаж байгааг НҮБ-ын зүгээс анхааруулсаар байгаа юм. Ням гарагт АНУ, Йорданы талууд будаа, гурил, гоймон, лаазалсан хоол зэрэг 11 500 гаруй хүнсийг агаараас буулгасан гэж АНУ-ын арми мэдэгдсэн байна.


Тусламжийг газар, агаараар хүргэх нь хэцүү, аюултай болжээ. Тухайлбал, Дэлхийн хүнсний хөтөлбөр цуваанууд руу нь гал нээж, дээрэм тонуулд өртсөний дараа газраар тусламж хүргэх ажлыг түр зогсооход хүрсэн байна. Мөн баасан гарагт тусламжийн хайрцгийг буулгах үеэр шүхэр нь нээгдээгүйн улмаас таван хүн амиа алдсан гэх мэдээлэл гарчээ.


Ж.Байденыг мэдэгдэл хийсний дараа АНУ-ын хөлөг онгоц 36 цагийн дотор хөдөлсөн гэж АНУ-ын Төв командлал X хуудсандаа бичжээ. Энэхүү онгоц нь хүмүүнлэгийн чухал ачааг Газад хүргэх усан онгоцны түр зогсоол байгуулах анхны тоног төхөөрөмжийг тээн явж байна гэж уг мэдэгдэлд дурдсан байна.


Пентагоны мэдэгдсэнээр, хөлөг онгоцны зогсоолыг 1000 цэргийн тусламжтайгаар барихад 60 хүртэл хоног шаардагдах бөгөөд цэргүүдийн хэн нь ч эрэг рүү гарахгүй ажээ. Харин тусламжийн байгууллагуудын зүгээс, Газад зовж шаналж буй хүмүүс ийм удаан хүлээх боломжгүй гэдгийг хэлж байна.

Related news