ЗАВХАН: Дугуйн спортоор хичээллэдэг иргэдийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-11 16:04:08

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймагт хүн амынхаа хөдөлгөөн, нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл мэндийг нь сайжруулах олон талын үйл ажиллагааг эрчимтэй явуулж байна.


“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангах зорилгоор хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилыг тогтмол зохион байгуулж байна.

Ингэхдээ иргэдийг идэвхтэй, тэгш хамруулах, шинэ тогтолцоог бий болгох зорилгоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран таваас дээш насны хүүхдүүдийн бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдвал зохих хүүхдүүдийн 80 гаруй хувийг нь хамруулаад байна.


Мөн төрийн болон аж ахуй нэгж байгууллагын албан хаагчдыг хамруулан бие бялдрын түвшин тогтоох сорилыг жил бүр авч байна. Өнөөдрийн байдлаар зорилтот хүн амын 35 хувийг хамруулсан. Өнгөрсөн оны 11 дүгээр сард сорил авах аргачлалыг өөрчлөх, шинэчлэх ажлын хүрээнд 18 байгууллагын 250 иргэний мэдээллийг шинэчлэгдсэн программд товлосон цаг хугацаанд нь бүрэн оруулсан байна.


Ер нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг насны бүлэгт тохируулан эрүүл мэндийн байдлыг үнэлэх, эрүүлжүүлэх, хянах, бүртгэх цахим нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд хамтын ажиллагаа чухал юм.


Иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан үүсгэх, холбогдох цахим бүртгэлийн давхцалыг арилгах, хэрэглээг нэмэгдүүлэхэд бусад байгууллага хамтран ажилласны үр дүн нь бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсан иргэдийн идэвх сайн байснаас харагдаж байгаа юм. Бид иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, биеийн тамир, спортоор хичээллэх орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зохион байгуулалт, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжин хамтран ажиллах.


Хөдөлгөөний хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал эзэмшсэн, идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй байнга хамтран ажиллаж байгаа.


Сайн жишээ нь, аймгийн хэмжээнд дугуйн спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Давхардсан тоогоор 5600 иргэн дугуйн спортоор хичээллэж, дугуйн спортыг дэмжих ажлыг жилд 15-20 удаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэд зохион байгуулж байна. Эдгээр үйл ажиллагааг нь дэмжиж урамшуулдаг гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв.


Идэвхтэй хөдөлгөөний дэмжих, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг хөгжүүлэх, ажлын байр, амралт чөлөөт цагаар хийх дасгал хөдөлгөөний талаарх мэдээллийг олон нийтэд цахимаар түгээх.

"Хөдөлгөөн-Эрүүл мэнд" үйл ажиллагааг аймгийн төв, Улиастай сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран идэвхтэй явуулдаг.

Өнгөрсөн онд нийтийн биеийн тамирыг дэмжсэн спорт, бүжгийн нийт 13 удаагийн үйл ажиллагааг явуулж 15 сая төгрөгийг зарцуулжээ. Өнөөдөр Улиастай суманд дугуйн спортоор хичээллэдэг идэвхтэй 180 орчим иргэн байна. Тэд 7 хоног бүрийн бямба гарагт ойрын болон холын зайн аяллыг зохион байгуулж хэвшжээ. 

Related news