ЗАВХАН: Цэнхэр тууз аяныг үр дүнтэй зохион байгуулахын тулд хамтын оролцоог чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-18 12:00:34

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 суманд цэнхэр тууз аян эхэллээ.


Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 дугаар сарын 22-нд “Усны өдөр”–ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн усны өдрийг угтаж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас цэнхэр тууз аяныг зарлаад байна.


Гол мөрөн, булаг шандаа үеийн үед өнө мөнхөд урсахын бэлгэдэл болгон "Цэнхэр тууз" аяныг эхлүүлжээ.

“Цэнхэр тууз” аяныг Завхан аймгийн хэмжээнд 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 21-ны хугацаанд зохион байгуулна. Аяны хүрээнд, Завхан аймгийн 24 сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулжээ.


Мөн сумдад усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулсан үр дүнгээр нь Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг урамшуулах юм.  


Түүнчлэн Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургуулийн эко клубийн 50 гаруй сурагчид экологийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, сургууль бүр дээр усыг хайрлан хамгаалах, хэмнэх тухай нөлөөллийн ажлыг хийж, ерөнхий боловсролын 360 гаруй хүүхэд энэ ажилд оролцсон байна.


Завхан аймгийн тухайд, нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна. Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.


Эдгээр гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар багассан байна. Тиймээс усны нөөцийг хамгаалах бодлогыг аймагтаа боловсруулж ажил хэрэг болгох. Олон нийтэд ус ашиглалтын талаарх тогтвортой сурталчилгаа мэдээлэл нөлөөлөл хийх нь чухал юм.


Цэнхэр тууз аян дээрх зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд үр дүнтэй хамтын оролцоог чухалчилна гэж Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 

Related news