НАТО-гийн тэргүүн Гүржид айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-19 16:53:15

ТБИЛИСИ, 2024 оны гуравдугаар сарын 19 /VOA/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гарагт Гүрж улсад  айлчилж, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон Гүрж улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэх боломжийг хэлэлцжээ.


Й.Столтенберг нийслэл Тбилис хотноо Ерөнхийлөгч Саломе Зурабишвили, Ерөнхий сайд Ираклий Кобахизе нартай уулзлаа. Өнгөрсөн сард засгийн газрын тэргүүнээр томилогдсон И.Кобахизе НАТО ба Европын Холбоонд улс орноо элсүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаагийн зэрэгцээ барууны орнуудыг шүүмжилж байсан удаатай.


Хэлэлцээний дараа хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Й.Столтенберг "Гүржийн НАТО-д оруулсан асар их хувь нэмэр-т талархаж байгаагаа илэрхийлж, Гүржийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийллээ. "Өмнөд Осет, Абхаз хоёр бол Гүржийн нэг хэсэг мөн" гэдгийг тэрбээр дурджээ.


Й.Столтенберг мөн Украины олон мянган дүрвэгсдийг хүлээн авч, хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлж байгаад нь Гүржид талархал илэрхийлэв. Мөн хямралын менежмент, кибер аюулгүй байдал, цэргийн инженерчлэл, харилцаа холбоо зэрэг салбарт Гүрж улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгааг дурдсан байна. Мөн ардчиллыг бэхжүүлэх, Евро-Атлантын интеграцчилалд нэгдэхэд нь Гүржийг дэмжинэ гэсэн НАТО-гийн амлалт, түүний дотор 2008 оны Бухарестын дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрийг Й.Столтенберг онцолжээ.

 



Related news