Залуучуудыг бизнест сургах хөтөлбөр эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-20 17:36:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн олон нийтийн байгууллага МҮХАҮТ Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих зорилгоор “Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн болсноо өнөөдөр зарлаж албан ёсоор эхлүүллээ.


10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулах уг хөтөлбөр 3 үе шаттай хэрэгжих талаар Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн танилцуулав. Үүнд:

  • Нэгдүгээрт, Р-МВА (Personal MBA) сургалтад 10 мянган залууг сургах юм. Үүгээр олон улсын Бизнесийн магистрын (MBA program) мэдлэгийг богино хугацаанд олгох нь,
  • Хоёрдугаарт, эхний сургалтыг төгсөгчдөөс мянган хүнийг шалгаруулж, Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, БНХАУ-д олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулна, 
  • Эцэст нь амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт оролцуулан бизнесийг нь бойжуулж, санхүүгийн олон талын боломж олгохоор төлөвлөж буйг мэдээллээ.

Тэрбээр эхний ээлжинд нийслэлд 6 элсэлтээр 4000, аймаг, орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6000 залууг бүртгэн сонгон суралцуулна. Эрэгтэй, эмэгтэйчүүдийг тэгш хамруулахыг хичээж байгаа. Тэгш оролцоог хангах үүднээс мөн нэг аймгаас 300 хүн байхаар тооцож бүртгэнэ. Хөтөлбөр Ховд аймгаас, баруун 5 таван аймгаас энэ оны дөрөвдүгээр сарын 10-наас эхэлнэ гэв.

Энэхүү хөтөлбөр нь бизнес дэх төрийн оролцоог сааруулах, залуучуудад бизнес хийх боломжийг олгох, улмаар хот, хөдөө, орон нутагт өрхийн орлогын нэмэгдүүлэхэд чиглэж буйг хэллээ. Сэтгүүлчид түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Хөтөлбөрт хамрагдах залуучууд хэзээ, хаана, хэрхэн бүртгүүлэх вэ?

-Аймаг, орон нутагт аймгийн Худалдаа, аж үйлдвэрийн салбар танхимууд дээр бүртгэнэ. Сургалтад https://shorturl.at/flEO цахим хаягаар мөн бүртгүүлж болно. Нийслэл хотод бид бүртгэлийн 12 цэг ажиллуулна. Тэнд залуучууд ирж биечлэн бүртгүүлж болно. Нийслэл, дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлстийн мэргэжилтнүүд хариуцаж байгаа.

-Хамрагдах, оролцох залуучуудад ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Уг нь бид нас заах юм уу, англи хэлний мэдлэгтэй байх гэсэн шалгуур тавихаар төлөвлөж байсан ч больсон. Залуучуудыг бизнест сургаж, цаашид үргэлжлүүлэх зорилготой ч энэ хөтөлбөрт ямар ч насны хүн хамрагдах боломжтой. Зайлшгүй англи хэлтэй байх шаардлагагүй, бид сургалтуудаа орчуулагчидтай зохион байгуулна. Харин хөтөлбөрт анхлан залуучуудыг үнэ төлбөргүй хамруулах санал гарч байсан ч бид тодорхой хэмжээний төлбөр авахаар болсон. Энэ нь суралцагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилготой юм. 

Олон улсын Бизнесийн магистрын (MBA program) хөтөлбөрийн нэг жилийн сургалт дунджаар 30 сая төгрөг байдаг. Тэгвэл үүнтэй дүйцэхүйц мэдлэгийг богино хугацаанд олгох нь сургалтыг албан ёсны эрхтэй 12 модуль бүхий Р-МВА (Personal MBA) сургалтыг МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн академи 300 мянган төгрөгийн төлбөртэй явуулах бөгөөд үүний 30 хувь буюу 99 мянган төгрөгийг суралцагч өөр гаргаж, үлдсэн төлбөрийг МҮХАҮТ хариуцах юм. 

-Хөтөлбөрийн талаар анхлан хоёрдугаар сард мэдээлсэн. Энэ хугацаанд хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах гадаад, дотоодын байгууллага хандаж тодорхой санал тавьсан уу?

-Танхим, Бизнесийн академи дотооддоо ХНХЯ-тай хамтран ажиллах юм. Гадаадаас Энэтхэг улстай соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцсан. БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Вьетнам, БНСУ, Малайз зэрэг улсад залуучуудыг сургах талаар ярилцаж байна гэв.


Related news