ДАРХАН-УУЛ: Тив, дэлхий, УАШТ-ээс медаль хүртсэн өсвөрийн шигшээ багийн тамирчдад мөнгөн дэмжлэг үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 2024 оныг “Өсвөрийн тамирчдыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өсвөрийн тамирчдад бэлтгэл сургууль хийх, тэмцээн уралдаанд оролцох, шагнал урамшуулал олгох журамд өөрчлөлт орсныг аймгийн Засаг дарга Б.Азжаргал шигшээ багийн тамирчдад танилцууллаа.
Өсвөрийн тамирчдыг дэмжих жилийн хүрээнд шигшээ багийг бүрдүүлж байгаа бөгөөд тамирчдад дараах боломжуудыг олгохоор болжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардалд тамирчин бүрд 500 мянган төгрөг, олимпын төрлийн спортод тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тохиолдолд замын зардалд нэг сая төгрөг, олимпын төрөлд тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцож алтан медаль гурван сая, мөнгөн медаль хоёр сая, хүрэл медаль хүртвэл нэг сая төгрөгийн урамшуулал олгох ажээ.
Мөн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртвэл 300 мянга, мөнгөн медаль 200 мянга, хүрэл медаль хүртвэл 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.
Түүнчлэн өсвөрийн тамирчдыг тэмцээн, уралдаанд явахад зориулж автобустай болгох шийдвэр гарсан бөгөөд ямар нэгэн төлбөргүйгээр үйлчлэх юм.
Цаашид спортын төрлүүдийг нэмэх, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцсон байдлыг харгалзан үзэж урамшуулах зэрэг шат дараатай хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ.
Мөн үеэр
аймгийн Засаг даргын
дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн 250 тамирчныг албан ёсоор зарлан батламж олгов.