Г.Занданшатар: Наурызыг казах түмний өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн чухал ач холбогдол өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-22 16:31:03

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн иргэд өнөөдөр Өлгий хотын төв талбайд хуран цугларч, Наурыз баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна.


Монгол Улсын төр засгаас уг баярт ач холбогдол өгч, жил бүрийн баярын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирж казахын ард түмэнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор энэ жилийн баярын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.




Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, "Наурызын баяраар өнгөрснөө дүгнэн цэгнэж, учран золгож буй жилд хийж бүтээх ажлаа төлөвлөдөг сайхан уламжлалтай. Улиран одож буй онд аймгийн нийгэм, эдийн засгийн бүх салбарт ахиц дэвшил гарч, ажилгүйдэл багассан, дотоодын нийт бүтээгдэхүүн 658 тэрбум төгрөгт хүрч өссөн. Мөн сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийн барилга олноор барьж, хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөл сайжирлаа. Шинээр барьж байгаа Хүүхдийн ордны барилга энэ жил ашиглалтад орно. Цагааннуур боомтыг Азийн хөгжлийн банкны 85.1 тэрбум төгрөгөөр шинэчлэн барихаар ажиллаж байна. Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийг шинэчлэн тогтоох ажлууд амжилттай явж байгаа" зэрэг амжилт бүтээлээр дүүрэн Наурыз баяраа угтаж байгааг онцоллоо.


УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээндээ, "НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2010 оны 64 дүгээр хуралдаанаар тогтоол баталж, олон улсын Наурызын өдрийг тэмдэглэж байхаар тунхагласан. Тийм учраас Наурыз бол олон улсын баяр юм. Монгол Улсын төр засаг энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн эрхэмлэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өдөр хэмээн үзэж чухал ач холбогдол өгдөг.

Мөн ажил үйлсээ дүгнэх, хөгжил дэвшлийн зорилтоо тодорхойлох, казах түмнээ алдаршуулах, ахмад буурлуудаа хүндлэх өргөн утгаар тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Казах түмэн үндэсний соёл, түүх, уламжлалаа дээдлэн хадгалж, аймаг орон нутаг төдийгүй улс орныхоо нэрийг дурсгасан төр нийгмийн зүтгэлтэн, урлаг соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, та бүхний дундаас олон арваар төрөн гарсанд ямагт бахархдаг. Бид нэг угсаа гаралтай Монгол Улсын иргэн бөгөөд Икей баатраас авахуулаад казахын олон алдартан гавьяатууд манай улсын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнол, аюулгүй байдалд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэж байна" хэмээлээ.




УИХ-ын дарга З.Занданшатар үг хэлсний дараа ЕТГ-ын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээг тус тус уншиж танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Т.Аубакир, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев нар мэндчилгээ дэвшүүлэв.


Зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлсний дараа аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд төв талбайд казахын ард түмний өв уламжлал, зан заншлыг харуулсан урлагийн тоглолт, үзүүлбэрүүдийг үзүүлж, ая дуугаа өргөн үзэгч олноо баясгалаа.





Наурыз бол казах иргэдийн хувьд шинэ жилийн эхний өдөр бөгөөд байгаль дэлхий, ан амьтад нойрноос сэрэн амь орж, өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой юм.








Related news