Хөнгөн үйлдвэрийн салбар уул уурхайн бус экспортыг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-26 17:34:21

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойн баярын хуралд өнөөдөр “Корпорэйт конвеншн” төвд болж, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун салбарын үйлдвэрлэгч нарт баярын мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарынхан үндэсний тодотголтой бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүнээр улсадаа манлайлж буй амжилтаар түүхэн ойтойгоо золгож буйг тэмдэглэн хэлэв.


Тэрбээр, төр, засгаас хөнгөн аж үйлдвэрийн салбарыг санхүү, хөрөнгө оруулалтаар үйл ажиллагааг дэмжин, экспортод чиглэсэн, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлого дэвшүүлэн ажиллаж байгааг дурдлаа.

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын хууль эрхзүйн орчны шинэчлэлийг тэрбээр дурдлаа. Үүнд:

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2022 онд шинэчлэн баталж, үүнд үйлдвэрлэлийг цогцоор хөгжүүлэхэд чиглэсэн татвар, санхүү, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах зохицуулалтыг тусгасан,
  • Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг батлуулж, хүнс, ХАА-н гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай тоног төхөөрөмжийг Импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсөн зэрэг орж байна.


Манай улс хөнгөн аж үйлдвэрийн экспортын голлох салбар болсон нэхмэлийн үйлдвэрлэлийн ноос, ноолууран бүтээгдэхүүн, түүхий эдээр дэлхийн нийт нөөцийн 45 орчим хувийг эзэлдэг өндөр үзүүлэлттэй байна. Гэвч манай улс нийт ноолуурынхаа 70 хувийг зөвхөн угаасан хэлбэрээр гаргаж, манай улсад дэлхийн ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 5 хүрэхгүй хувь ногдож буй харамсалтай дүн мэдээтэй байгааг тэрбээр хэллээ. Тиймээс төр, засгаас үүнд онцгой анхааран арга хэмжээ авч, зохицуулж ажилласны дүнд ноолуурын хялгас ялгах үйлдвэрлэлийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлээд буйг мэдээллээ. 







Related news