ӨВӨРХАНГАЙ: Өвдөг, түнхний эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-27 19:49:01

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Үе мөчний өвчлөл, өвдөг, түнхний үе солих мэс ажилбар сүүлийн жилүүдэд улам ихэсч байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Энэ нь иргэдийн дунд өвдөг, түнхний эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг дутмаг байгаатай холбоотой.



Иймд аймгийн ЭМГ, БОЭТ-өөс Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч Ө.Өлзийбаатарыг урьж, өвдөг, түнхний эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа. Мөн энэ төрлийн өвчин эмгэгтэй хүмүүст үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.


Өвдөг, түнхний эмгэг нь илүүдэл жин, удамшил, буруу зуршил, ажил, амралтын горим алдагдах, хөдөлгөөний дутагдал, үрэвсэл зэргээс шалтгаалан үүсдэг байна. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх, хоол унднаасаа хангалттай шим тэжээл авах, D болон кальци зэрэг нэмэлт витамин ууж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэйг гавьяат эмч онцоллоо.



Аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасаг нь өвдөг, түнхний хиймэл үе суулгах хагалгааг 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын мэргэжлийн эмч нарын удирдлага дор багаар хийж байсан бол 2021 оноос бие даан тусламж, үйлчилгээг хүргэж байна. Ингэснээр иргэдийн Улаанбаатар хот руу явах цаг зав, эдийн засагт хэмнэлт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай авах нөхцөлөөр хангаж байгааг Гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч Б.Гангамөрөн хэлж байв.

 

Related news