ДАРХАН-УУЛ: Хүүхдийн галт тэрэг 2024 оны зуны зорчигч тээврээ эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын анхны "Хүүхдийн төмөр зам" галт тэрэгний зуны тээврийн үйл ажиллагааг өнөөдөр эхлүүллээ. Долоо хоногийн даваа, мягмар гаргаас бусад өдөр 11.00-18.00 цагийн хооронд цаг тутамд аялах юм.
“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хүүхдийн галт тэрэг 2.3 км замыг 15-20 минут аялдаг. Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдод зориулж цэцэрлэгт хүрээлэн танилцуулахаас гадна дууны тэмцээн, асуулт хариулт, хүүхдийн дуу хамтдаа дуулах зэрэг тусгай хөтөлбөртэй.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын хамт олон хоёр шөнө, нэг өдрийн галт тэрэгний аяллыг зохион байгуулж хэвшсэн. Улаанбаатар хотын хүүхэд багачуудыг аав, ээж, асран хамгаалагчийн хамт нийтийн тээврийн галт тэрэг болон хүүхдийн галт тэргээр аялж, Дархан хоттой танилцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, өнгөрсөн онд 300 гаруй иргэн хамрагдсан байна.
Энэ жилийн тухайд УБТЗ ХНН-ийн 75 жилийн ой 6 дугаар сард тохионо. Үүний хүрээнд төмөр замын үйлчилгээ, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн, зуны тээврийг илүү сонирхолтой болгохоор УБТЗ-ын аялал жуулчлалын товчоотой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж Хүүхдийн төмөр зам сургалтын төвийн дарга Д.Батмөнх мэдээлэв.
Тус галт тэргээр зорчих үнэ тарифын хувьд нэг удаагийн аялалд том хүн 5000, хүүхэд 4000 төгрөгөөр үйлчлүүлнэ.