Газар хөдлөлтийн улмаас Тайванийн Хуалянь хотод барилгууд эвдрэн сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-03 10:31:38

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /TASS/. Тайванийн зүүн хэсэгт орших Хуалянь хотоос холгүй бүртгэгдсэн 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга ихээхэн сүйдсэн тухай “TVBS” телевиз мэдээлжээ.


Хотын найман давхар орон сууцны барилга хэсэгчлэн нурж, хазайсан байна. Тус арлын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, найман хүн уг барилга дотор гацаад байгаа ажээ. Жуншань, Чунцин гудамжны уулзвар дээр орших уг барилгын нэгдүгээр давхар нурж, байшин ихээхэн хазайсан боловч нураагүй байна. Аврагчид галын шат ашиглан оршин суугчдыг цонхоор гаргаж байна.


Газар хөдлөлт Бээжингийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос зүүн өмнө зүгт 25 км-ийн зайтай Номхон далайд, 15.5 км-ийн гүнд байсан гэж газар хөдлөлт судлаачид мэдээлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараа 20 гаруй удаагийн чичирхийлэл бүртгэгджээ. 

Related news