БАЯН-ӨЛГИЙ: Элчин сайд Сигне Брудесетийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-03 12:18:13

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият Норвегийн Хаант Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Сигне Брудесетийг энэ сарын 2-ны өдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Норвегийн Хаант Улс нь Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/-аар дамжуулан Монгол Улсад 1994 оноос төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Харин 2008 оноос баруун аймгуудад эрүүл мэнд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төслийг Баян-Өлгий аймагт 2020 оноос эхлэн 5 жилийн хугацаагаар хэрэгжүүлж байгаа ба төслийн 2 дахь шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар орон нутгийн удирдлагын саналыг авч, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.


Аймгийн Засаг дарга А.Камелият Элчин сайд хатагтай Сигне Брудесетэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралын нөхцөлийг сайжруулах, эрхийг хамгаалах зорилгоор тус аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа явдалд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцлов.


Элчин сайд хатагтай Сигне Брудесет Норвегийн тусламжийн байгууллага /НЛМ/- аар дамжуулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх асуудлаар бүх талаар хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Related news