Удирдлагын академийн 100 жилийн ой энэ онд тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-04 16:51:37

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Удирдлагын академийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ой угтсан ажлууд, болох үйл явдал, академийн үйл ажиллагааны талаар тус академийн захирал, доктор Д.Сүрэнчимэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.


Тэрбээр, намын сургууль нэрээр анх 1924 оны нэгдүгээр сард байгуулагдаж байсан түүхээс улбаатай учир “Орчин цагийн төрийн албаны сургалтын толгтолцоо үүсэж хөгжсөний ой” юм гэдгийг тодотгон хэлэв. Тодруулбал, Монгол Улс төрийн албан хаагч нараа сургалтын тогтолцоогоор бэлтгэж эхлэх албан ёсны шийдвэрийг МАН-ын Төв хороо 1924 оны дөрөвдүгээр сарын 1-нд гаргаж байжээ.


Одоогийн Удирлагын академи өнгөрсөн 100 жилд улс орны хөгжил, үе үеийн боловсон хүчин бэлтгэх шаардлагын дагуу нэрээ Намын түр сургууль, Намын төв сургууль, Нам, улсын төв сургууль, Намын дээд сургууль, бүр Эдийн засгийн дээд сургууль, Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академи, төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт хэмээн 12 удаа өөрчилж иржээ.

Өөрчлөлт бүхэн хэлбэрийн төдий бус, агуулга, бүтэц, зохион байгуулалт, харъяалалын хувьд тухайн үеийн нийгэм, улс орны хэрэгцээг дагасан эрс өөрчлөлт байж, сургалтын шинэ агуулгаар баяжсан эргэлтийн шинжтэй байсныг Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг тэмдэглэн хэллээ.


Өнөөдөр Удирдлагын академи нь мэдлэг бүтээж түгээх, эрдэм судлалын чиглэлээр ажиллаж сургалт, судалгааны үндэсний байгууллага болох зорилготой, түүхээ бичин хамт бүтээж байна. Учир нь өмнөхгүй өнөөдөр гэж байхгүй. Тиймээс төрийн албан хаагч нараа чадавхжуулан бэлтгэх өмнөх уламжлалаа шинэчлэлээр баяжуулан үргэлжлүүлж байна. Манай ой бол мэдлэг бүтээх, түгээх 100 жилийн “Улсаа урлахуй”-н түүх юм гэв. Удирдлагын академи өнөөдөр:

  • Төрийн албан хаагчдыг мэргэшүүлж бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг дээшлүүлэх,
  • Төр, нийгмийн салбарын удирдлагаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх,
  • Төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйгээр зөвлөх гэсэн үндсэн чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна.

Дотроо мэргэшүүлэх багц сургалт, мэргэшүүлэх дунд хугацааны болон богино хугацааны сургалтыг 80 багш, нийт 105 хүнтэй явуулж байна. Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэгээс зарим зүйлийг тодруулав.


-Танай сургууль 1959-1962 оны хооронд Эдийн засгийн дээд сургууль гэж байсан нь сонирхолтой байна. Энэ нь мөн улс орны хөгжлийн хэрэгцээ, шаардлагын дагуу эдийн засагчдыг бэлтгэж байсан гэсэн үг үү?

-Тухайн үед намын боловсон хүчин бэлтгэхийн зэрэгцээ эдийн засгийн талаасаа улс орноо хөгжүүлж авч явахад мэргэжилтэн бэлдэх хэрэгтэй, хэрэгцээ үүссэнтэй холбоотой Намын Төв хорооны товчоо шийдвэрлэж, ийнхүү нэрлэн боловсон хүчин гаргаж байж. Гэхдээ эдийн засгийн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг академи түвшний, мэргэжлийн ажил юм байна гэдгээр энэ нь удаагүй, Их сургуульд шилжүүлсэн юм билээ.

-Танай сургалтын нэг гол үйл ажиллагаа нь судалгаа хийдэг гэдэг утгаар их, дээд сургуулийн болон төрийн бусад судалгааны байгууллагатай хэрхэн уялдаатай ажилладаг вэ?

-Төрийн судалгааны ажлыг нэгтгэж, нийлүүлэх талаар Засгийн газраас, Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгч байсан, энэ талаар хийж байсан ажлууд бий. Манайх бас Засгийн газрын захиалгаар судалгаа хийдэг. Төрийн шийдвэр гаргахад дата өгөгдөл дээр суурилсан хэрэгтэй судалгаа хийх туршлагууд юу байна гэдэг дээр анхаарч ажиллаж байгаа.


Бусад улс орны хувьд төрийн албаны, нийгмийн чиглэлийн судалгааны байгууллага нь Ерөнхий сайдынхаа дэргэд толгой байгууллага байж бусад судалгааны институциудаа нийлүүлж, нэгтгэж явдаг юм билээ. Монгол Улс энэ чиглэл рүү явах нь илүү үр дүнтэй байх байр сууриа илэрхийлдэг. Засгийн газар шийднэ. Манай улсад төрийн бүх судалгааг нэгтгэсэн цахим сайт бий.

Related news