ХӨВСГӨЛ: МУСГЗ, зохиолч, яруу найрагч Д.Сүрэнжав агсны нэрэмжит "Хүрэл тулга" тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-09 17:22:09

Мөрөн 2024 оны дөрөвдүгээр  сарын 9 /МОНЦАМЭ/. МУСГЗ, зохиолч, яруу найрагч Далантайн Сүрэнжав агсны мэндэлсний 90 жилийн ой тохиож байна.


Ойн хүрээнд Д.Сүрэнжавын нэрэмжит “Хүрэл тулга-2024” наадмыг өнөөдөр Мөрөн хотод зохион байгуулж, 23 сургуулийн 121 хүүхэд оролцож байна.  


Тус аймгийн Нийтийн номын сан түүний намтар, уран бүтээлээр үзэсгэлэн гаргаж, хүүхэд өсвөр үеийнхэнд танилцуулж  байна.


 



Зохиолч, сэтгүүлч Далантайн Сүрэнжав нь 1934 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Тархийн голд малчны гэр бүлд төрж, Улсын багшийн дээд сургуульд суралцан түүхийн багшийн мэргэжил эзэмшиж, Мөрөн хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд багшилж ажлын гараагаа эхэлсэн байна.

 

Тэрээр 1960 оноос “Эрх чөлөө” сонины газар сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, орлогч эрхлэгчээр ажиллаж байгаад 1950-иад оны дунд үеэс уран зохиол сонирхож 1960 онд “Сэтгэлд ассан гал” нэртэйгээр яруу найргийн анхны номоо хэвлүүлсэн байна.

 

Энэ хугацаанд голдуу яруу найргийн төрлөөр туурвил бүтээл хийсний дотор “Хөвсгөл” найраглал нь олонд алдартай. Д.Сүрэнжав шүлэг найраглалын “Дэлтэй цэнхэр”, “Дэлгэрмөрөн” “Тайгын уянга”, “Далай ээжийн уянга” зэрэг яруу найргийн ном хэвлүүлснээс гадна хүүрнэл зохиолын “Сарны дарс”, “Зуун чавганцын уралдаан”, “Тэнгэрлэг хайр”, “Сувдан сондор”, “Шөнийн солонго”, “Одод асгарсан шөнө”, “Дэгс Дэндэв”, “Зүггүй дамшиг”, “Молиго гайхал” зэрэг тууж, өгүүллэг, эсээ, хүүхдийн зохиолын ном бичжээ.

 



2010 онд “Далай ээжийн нулимс” роман бичиж хэвлүүлсэн байна. Мөн төрөлх нутгийнхаа тухай нийтлэл, найруулал, уран сайхны тэмдэглэлийн “Далай ээж-эх орны номин цэнхэр сувд”, “Миний Хөвсгөлийн мянган сонин”, “Хөвсгөл нутгийн домог хууч оршвой”, “Чин зоригт Чингүнжав”, “Дэлхийд ганцхан далай ээж” зэрэг аман зохиол болон түүхэн үйл явдлын олон ном хэвлүүлсэн юм.

 

Д.Сүрэнжав нь 1960 оноос “Эрх чөлөө” сонины редакцад 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан юм.

Тэрээр асуудал дэвшүүлсэн олон өгүүлэл, эсээ, бичсэний дотор байгаль орчныг хамгаалах сэдвээр “Хорьдол сарьдгийн уулсыг дархан цаазтай болгоё”, “Буурал Булнай минь хөөрхий болж дээ”, “Далай ээж эх орны номин цэнхэр сувд”, “Цэнхэр хөвчийн шивнээ”, усны асуудлыг нэн тэргүүнд тавьсан “Чандмань эрдэнийн дууль” зэрэг асуудал дэвшүүлсэн өлгөц, өгүүлэл, эсээ бичсэн нь төрөлх нутгийнхаа байгаль орчныг хамгаалахад өгөөжтэй хувь нэмэр болж, унаган байгалиа хайрлах сэтгэлийг иргэд, залууст төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон юм.

 

Д.Сүрэнжавыг 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУСГЗ цолоор шагнажээ.


Related news