Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-04-11 12:24:10

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг, оношилгоог эрчимжүүлэх зорилгоор Цэргийн төв эмнэлгийн 20 хүний бүрэлдэхүүнтэй явуулын баг Сүхбаатар аймагт ажиллаж байна



Дээрх баг үзлэгийг дөрөвдүгээр сарын 4-нд Мөнххаан сумаас эхлүүлж, гурав хоногийн хугацаанд тус сумын 240 иргэнийг хамруулжээ. Одоогоор Уулбаян суманд ажиллаж байгаа бөгөөд Түвшинширээ, Халзан сумын иргэдийг давхар үзлэгт хамруулна.


Нэг суманд 2-3 хоногийн хугацаанд ажиллаж байна. Зарим суманд илүү олон хоногоор байрлаж зэргэлдээх сумдын иргэдийг үзлэгт хамруулж байгаа. Гэвч иргэдийн идэвх төлөвлөж байснаас хангалтгүй байна. Сүхбаатар аймагт ажиллаж эхэлснээс хойш одоогоор гурван сумын 600 орчим иргэн үзлэгт хамрагдсан. Эндээс харахад иргэдийн дунд амны хөндийн өвчлөл, артерийн даралт ихсэлт, нүдний хуурайшилт, элэгний С вирусний халдвар зэрэг өвчлөл ихээр оношлогдож байна. Мөн хавдрын эхэн үеийн тохиолдлууд ч илэрсэн. Бид шаардлагатай иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт зуучилна.  Ингэхдээ манай эмнэлгаас гадна өөр хүссэн эмнэлэгтэй нь холбох боломжтой гэж үзлэгийн багийн ахлагч, Цэргийн төв эмнэлгийн их эмч, ахмад Б.Мөнхбат хэллээ.


Асгат, Сүхбаатар, Түмэнцогтоос бусад суманд явуулын баг ажиллана. Ингэхдээ 18-аас дээш насны бүх иргэнийг урьдчилан сэргийлэх багц үзлэгт хамруулах бөгөөд үзүүлэх иргэд эрт илрүүлгийн багц үзлэгт ороогүй байх, 2019 оноос хойш ЭМД төлсөн байх шаардлагатайг анхаарууллаа.

 

Related news