А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-04-23 13:02:21

МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 23. /TASS/. Цөмийн цэнэгт хошуу байрлуулах НАТО-гийн “Nuclear Sharing” хөтөлбөрт Польш улсыг оролцуулах асуудал бол эвслийн түншүүдтэйгээ хийсэн хэлэлцээний сэдэв байсан бөгөөд одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байгаа гэж Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда мэдэгджээ. 


"Энэ сэдвээр ямар ч шийдвэр гараагүй гэдгийг би нухацтай хэлж байна" гэж тэрбээр мэдэгдсэнийг Польшийн хэвлэлүүд эш татан мэдээлсэн байна. 


А.Дуда өмнө нь Польшийн "Факт" сонинд ярилцлага өгөхдөө “НАТО-гийн холбоотнууд эвслийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл Польшийн тал нутаг дэвсгэртээ цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна” мэдэгджээ.


Үүний зэрэгцээ Польшийн засгийн газрын тэргүүн Дональд Туск А.Дудагийн мэдэгдлийн талаар хэлэхдээ "Ийм шийдвэрийг гаргахдаа бид сайтар хэлэлцэх ёстой, энэ нь яг бидний хүсэж буй зүйл гэдэгт бид бүгд итгэлтэй байгаасай гэж хүсэж байна" гэлээ.


Нэгэнт Польш улсын аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учраас эл асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзана хэмээн найдаж байгаагаа тэрбээр нэмж дурджээ. 



Related news