Атакама цөлд эртний шим мандлын үе давхраа олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-04-26 16:50:32

САНТЬЯГО, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /new-science/. Чилийн Атакама цөлийн халуун, хуурай гадаргуу дор дөрвөн метрийн гүнд орших бичил биетнээр баялаг шим мандлыг судлаачид олж илрүүлжээ.


Тус улсын хойд нутагт орших Атакама цөл бол дэлхийн хамгийн хуурай газруудын нэг юм. Тэнд хур тунадас дунджаар 10 жилд нэг удаа ордог тул НАСА Ангарагийн гадаргуугийн загварчлал болгон ашигладаг.


Энэхүү цөлд хэдхэн төрөл зүйлийн амьтан, ургамал байдаг боловч хөрсөнд нь олон төрлийн бактери байдаг ажээ. Эдгээр бичил биетний олон янз байдлыг илүү сайн таньж мэдэхийн тулд эрдэмтэд Юнгайн хөндийн хэсэг газрыг судалжээ. Үүний тулд гадаргуугаас дооших үе давхаргад 4 м-ийн гүнд малтлага хийсэн байна. Тэнд ямар микробууд байгааг тодорхойлохын тулд ДНХ-ийн шинжилгээ хийжээ. Улмаар Актинобактери, Фирмикут, Протеобактери гэсэн гурван бактерийн бүлэг байгааг шинжилгээний дүн харуулсан байна. Актинобактериуд нь дээд (2-оос 5 см) ба хамгийн гүн давхаргад (4.2 м хүртэл) зонхилон тархсан байсан бол 30-40 см-ийн гүнд Фирмикут олдсон байна. Харин Протеобактериуд өөр өөр гүнд харьцангуй жигд тархсан байжээ. 


4.2 метрийн гүн дэх үе давхраа нь 3.8 сая жилийн өмнө үүссэн бөгөөд үүсэн бий болоход нь Актинобактериуд үржсэн байж магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ. Хожим нь тэдгээрийг 19 мянган жилийн настай гэж тооцоолдог залуу давхаргууд бүрхсэн байна.


“Урьд өмнө мэдэгдэж байгаагүй гүний шим мандлын үе давхраа нь цөлийн хэт хуурай хөрсөн дор хязгааргүй зайд сунан тогтсон байж магадгүйг энэхүү нээлт харуулж байж магадгүй” гэж судалгааны талаарх өгүүлэлд дурджээ. 


Хэрэв микробууд дэлхийн эрс тэс газарт тэсэж үлдэж чадсан бол Ангараг дээр ч оршин байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна. 

Related news