“Харри Поттер”-ын шүтэн бишрэгч Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-01 14:38:32

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 1 /BBC/. “Харри Поттер” уран зөгнөлт цуврал киноны нэгэн үнэнч шүтэн бишрэгч 250 мянган фунт стерлингийн үнэ бүхий 9000 гаруй эд зүйлийг цуглуулснаар Британийн хамгийн олон цуглуулгатай хүн болжээ.


Өдгөө 44 настай Викториа Маклеан сүүлийн 20 гаруй жилийн турш өөрийн цуглуулгыг баяжуулсан байна. “Философийн чулуу” номыг уншсаныхаа дараа уг кинотой холбоотой анхны эд зүйлийг худалдан авч байжээ. Тэрбээр бага хүүгээ Харри гэж нэрлэсэн бөгөөд гэрийнх нь өнцөг булан бүрд өөрийнх нь цуглуулга байдаг хэмээн ярилаа. Түүний ээж мөн “Харри Поттер”-ын холбогдолтой эд зүйлсийг цуглуулах дуртай байжээ.


В.Маклеан 2024 оны хоёрдугаар сард Британийн хамгийн олон цуглуулгатай хүнээр шалгарчээ. Тэрбээр хэлэхдээ, Харри Поттер бол зохиомол ертөнц, Хогвартст очих боломжгүй учраас би Хогвартсыг өөрийн гэрт авчрахыг хүссэн гэв. Түүний гэр нөмрөг, малгай, саваа гэх мэт олон эд зүйлээр дүүрэн байдаг гэнэ.


Тэрбээр цуглуулган дундаасаа Дамблдорын ажлын өрөөний бяцхан хувилбар бүхий шүүгээндээ хамгийн дуртай бөгөөд энэ нь ойролцоогоор 35 мянган фунт стерлингийн үнэтэй байна. Дэлхийн хамгийн олон цуглуулгатай хүмүүсийн нэгийн хувиар шидтэний ертөнц үүссэн Их Британийн далбааг өргөж байгаадаа баяртай байна гэж тэрбээр хэлжээ.

Related news