Япон эмэгтэйчүүдийг армид алба хаахыг хориглосон бүх хязгаарлалтыг цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-28 11:11:22
ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 28 /Kyodo/. Японы Батлан хамгаалах яамнаас наймдугаар сарын 1-нээс эхлэн эмэгтэйчүүдийг цөмийн, биологийн болон химийн зэвсгээс хамгаалах анги нэгтгэлүүдэд алба хаахыг зөвшөөрчээ. Ингэснээр Өөрийгөө хамгаалах хүчинд алба хаахад эмэгтэйчүүдэд тавигдаж байсан хамгийн сүүлчийн хязгаарлалт цуцлагдаж байна. 

Японы Өөрийгөө хамгаалах хүчний эдгээр анги нэгтгэл нь цацраг идэвхт бодис, биологийн болон химийн хорт бодисоор бохирдсон нутаг дэвсгэрт тандан судалгаа хийх, хоргүйжүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэдэг. Ийм төрлийн ажил нь үргүйдүүлэх эрсдэлтэй байдаг тул үүнд эмэгтэйчүүдийг татан оролцуулахыг хориглодог байв. Гэсэн хэдий ч технологийн хөгжил дэвшлийн ачаар Японы цэргийн байгууллага "эдгээр үүргийг эмэгтэйчүүд аюулгүйгээр гүйцэтгэж чадах бөгөөд эрсдэлийг тусгай тээврийн хэрэгсэл болон хамгаалалтын хэрэгслийн тусламжтайгаар бууруулах боломжтой" гэж дүгнэжээ.

2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас "Фүкүшима-1" атомын цахилгаан станцад осол гарсны дараа Япон улс хоргүйжүүлэх ажлыг гүйцэтгэхэд хүний нөөцийн хомсдолтой тулгарсан юм.

Өмнө нь эмэгтэй цэргийн албан хаагчдыг биеийн ачаалал ихээр шаардсан ажилд дайчлахыг хориглодог байсан боловч 1993 онд Японы Батлан хамгаалах яам жендэрийн тэгш байдлыг дэмжих зорилгоор энэ бодлогоо өөрчилсөн юм. 2015 оноос хойш эмэгтэйчүүд сөнөөгч болон тагнуулын нисэх онгоц жолоодох эрхтэй болсон бол 2017 онд Өөрийгөө хамгаалах хүчний Холбооны салбар эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлж, тэднийг байлдааны техник хэрэгслүүд дээр ажиллахыг зөвшөөрчээ. Харин 2018 онд Тэнгисийн Өөрийгөө хамгаалах хүчин эмэгтэйчүүдийг шумбагч хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд багтахыг зөвшөөрсөн байна.


Related news