“Титаник”, “Бөгжний эзэн” кинонд тоглосон жүжигчин Бернард Хилл таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-06 11:26:59

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 6 /CNN/. “Титаник”, “Бөгжний эзэн” кинонуудад бүтээсэн дүрээрээ олонд танигдсан Английн жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгссөн талаар түүний гэр бүлийнхэн ням гарагт мэдэгджээ.


Б.Хилл 1997 оны “Оскар”-ын наадмын дээд шагналыг хүртсэн “Титаник” кинонд ахмад Эдвард Смитийн дүрийг бүтээсэн бол “Бөгжний эзэн” кинонд Теоден хааны дүрд тоглосон билээ. 


Түүний анх олонд танигдсан дүр бол 1982 онд BBC телевизийн “Boys from the Blackstuff” кинонд бүтээсэн Йоссер Хьюзийн дүр байжээ. Тэрбээр уг кинонд Ливерпүүл дэх ажилгүйдлийг даван туулахын төлөө тэмцэж буй эрийн дүрд тоглож байв. 


“Нэрт жүжигчин ням гаргийн өглөө таалал төгссөн бөгөөд түүний сүйт бүсгүй Алисон, хүү Габриел нар нь дэргэд нь байсан” гэж түүний төлөөлөгч Лу Кулсон мэдэгдсэн байна.



“Бөгжний эзэн” цуврал киноны хоббитууд болох Фродо, Сэм, Мерри, Пиппин нарын дүрд тоглосон Элайжа Вүүд, Шон Астин, Доминик Монаган, Билли Бойд нар түүнд хүндэтгэл үзүүлжээ. 


“Бид түүнд хайртай. Тэр зоригтой, хөгжилтэй, гайхалтай хүн байсан” хэмээн Ш.Астин дурсан ярилаа. Б.Бойдын хувьд Д.Монагантай хамт “Бөгжний эзэн” киног үзэж байснаа дурсаад, Толкин зохиолчийн бичсэн үгийг Бернард шиг гайхалтай хэлэх нэгэн байхгүй гэж бодож байна гэж хэлжээ.


Boys from the Blackstuff” киноны зохиолыг бичсэн Алан Блисдейл мэдэгдэхдээ, Бернард Хилл мөнх бусыг үзүүлж нөхөж болшгүй гарз хохирол учирлаа гээд, Йоссер Хьюзийн дүрийг бүтээхийн тулд Бернард бүхнээ зориулж байсныг та бүхэн үзэгдэл бүрээс харж болно хэмээн хэлсэн байна. 



Related news