ӨВӨРХАНГАЙ: Хайсан хүлэг хааны мөнгөн тэмдэгтийг Хархорум музейд хадгалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-06 12:18:30

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хархорум хотын тууриас олдсон “Хайсан хүлэг хааны зоос” хэмээх тодорхойлолт бүхий 1308-1312 оны цутгамал зоос Хархорум музейд хадгалагдаж байна. Зоосны нүүрэн талд “Da Yuan ton bao” буюу “Их Монгол улсын нэвтэрхий эрдэнэ” хэмээх утга бүхий дөрвөлжин бичээстэй, ар тал нь цулгуй аж.


Хубилай хаан Хятадыг байлдан дагуулж байх үедээ 1260-аад оноос өөрийн нэр бүхий Да Чао Тон Бао хэмээх зоосыг гаргаж байжээ. Хожим 1272 онд Юань гүрнийг байгуулахдаа дөрвөлжин бичээстэй зоосыг гаргаж байв. 1269 онд Хубилай хааны зарлигаар Төвөдийн Пагва лам дөрвөлжин бичгийг зохиож, зоос мөнгөн тэмдэгт дээр ч ашиглах болсон түүхтэй. 


Хайсан хүлэг хаан нь Хубилай хааны гуч агаад Дарамбалын хоёрдугаар хатан Хонгирад аймгийн Тажаас мэндэлжээ. Тэрбээр 1307 - 1311 онд Юань улсын гуравдугаар хаанаар ор сууж байв.


Юань гүрний үеийн зоосыг 1260-1368 он хүртэл 100 гаруй жил гүйлгээнд ашиглаж байсныг Хархорум музейн сан хөмрөгт тэмдэглэн бичжээ. Юань улсын дөрвөлжин бичгээр бичсэн зоосыг өөр улсад гаргасан тохиолдол маш цөөн бөгөөд 1310 онд Алтан ордны улсын Тогтох хааны зоосон дээр хааны нэрийг эвхмэл дөрвөлжин бичгээр бичиж гаргасан хэдхэн зоос одоогоор мэдэгдээд байна.

 

Related news