Б.Байгальмаа: Амь аврагдахгүй өвчтөнийг ч тултал сувилах нь бидний мэргэжлийн онцлог юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-11 09:04:44

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 12-нд Олон улсын сувилагчдын өдөр тохиодог. Тус өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн Сэтгэц, наркологийн тасгийн Сувилахуйн арга зүйч, донтолтын сувилагч Б.Байгальмаатай ярилцлаа.


-Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Та сувилагч хэмээх энэрэнгүй, нигүүлсэнгүй энэ мэргэжлийг яагаад сонгож байв. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-Би багадаа бие муутай, эмнэлэгт их хэвтдэг хүүхэд байсан. Тэр үеэс л халад өмссөн сувилагч эгч нар сайхан харагддаг болж, энэ мэргэжилд дурлаж эхэлсэн дээ. 1990 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хуваарилагдан Мэдрэл сэтгэцийн тасгаас ажлын гараагаа эхлүүлж байсан. 34 дэх жилдээ энэ эмнэлэгтээ мэргэжлээрээ ажиллаж байна.

Эмнэлгийнхээ бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалаад дотор, уламжлалт, сэтгэц, мэдрэл, чанарын алба гээд тасгуудыг нэлээн сольж ажилласан.

 

-Тэгвэл та БОЭТ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний түүхийг сайн мэдэх юм байна. Анх ажиллаж эхлэх үеийг өнөөтэй харьцуулахад хэр хөгжиж байна вэ?

-Тэр үед дөнгөж төгсөөд ирсэн хүүхдийг ээлжид ганцааранг нь гаргадаг байсан. Өвчтөнийхөө судсыг олохгүй бол хэнийг гуйхав, ёстой уйлж байгаад л сурдаг байсан үе. Ахмад үеийнхэн маань их зааж зөвлөдөг байсан даа.  

Жижигхэн цагаан уутанд бүх төмөр тариураа хийчихсэн, тэрийгээ бүгдийг нь асгаж байгаад хамгийн нарийхнаар нь тариагаа хийнэ. Нэг төмөр тариураар хэд хэдэн удаа тарина, зүү нь мохчихоор ирлэдэг байлаа. Тэр үед хүмүүс яасан амь бөхтэй байсан юм гэж бодогддог.


Тэр цаг үеийг бодвол анагаах ухаан хөгжиж, хүний нөөц нэмэгдсэн. Сувилахуй өөрөө бие даасан шинжлэх ухаан боллоо. Хүмүүс сувилагчийг эмчийн туслах, тариа хийдэг хүн гэж ойлгодог байсан бол одоо сувилагч хүнээ үзээд оношлоод шийдвэр гаргах түвшинд ажиллаж байна. Сувилахуйгаар доктор хүртэл зэрэг хамгаалж байна.


-Дээхнэ үед өвчлөл бага байсан уу?

-Өвчлөл багадаа биш, харин хүмүүс бие сайтай байсан. Орчин нөхцөл өөр, хоол хүнс, эм тариа чанартай байсан болохоор биеийн эсэргүүцэл сайтай байж гэж боддог юм. Хэрэв одоо тэр үеийнх шиг гудсан дороос нь систем гаргаж ирээд тарьчихвал бараг судасны халдвар үүсэх байх.


-Та одоо Сэтгэц, наркологийн тасагт ажиллаж байна. Бусад тасгийг бодвол “хүндхэн” үйлчлүүлэгчтэй байдаг уу?

-Архинд донтох эмгэг нийгмийн тулгамсан асуудал болж байна. Тасгаа өртгөтгөж, ороо нэмээд 16 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой болсон. Ор байнгын дүүрэн, дээр нь өдрийн эмчилгээтэй хүмүүс олон байдаг. Чихэнд нь, нүдэнд нь хий юм сонсогдож, харагдаж, галзуурах хэмжээнд хүрсэн хүмүүсийг ар гэрийнхэн нь согтуугаар нь шахуу авчраад өгдөг болохоор бидний ажил стресс ихтэй, хэцүү. Тийм хүмүүс чинь зугатна, сувилагчийн биед халдана. Тийм болохоор харуул манаатай, хаалттай тасаг гэж хэлдэг.

Архины эмгэгтэй хүнээс гадна стресс бухимдалтай, нойргүйдэлттэй хүмүүс их ирж байна.



-Архинд донтох эмгэг манай аймагт хэр байна вэ?

-Ажлын байр дээрээ хийсэн миний хувийн дүгнэлтээр сүүлийн гурван жилд архинд донтох эмгэг жил тутам нэмэгдэж байна. Архины хордлого өгч, хий юм харах, сонсох, солиорох эмгэг улам нэмэгдэж байгаа. Хамгийн харамсалтай нь 25-35 хүртэлх насныхан их ирж байна. Тэр дотор эмэгтэйчүүд олон байгаад сэтгэл их эмзэглэдэг. 


-Тийм хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Эхлээд тайвшруулах, солиорлыг дарах эмчилгээ хийгээд дараа нь хордлого тайлна, мөн сургалт сурталчилгаа хийнэ. Архинд донтох нь өвчин гэдгийг ойлгуулахаас эхлээд 12 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. “Чи архи уухгүй гэвэл болно. Энэ бол сэтгэлийн асуудал” гэж хэлдэг байсан бол одоо архинд донтох нь өвчин гэдгийг дэлхий нийтэд онош гаргаад зайлшгүй эмчлэх шаардлагатай гэж үздэг болсон. Хувь хүн, ар гэрийнхнээс маш их тэсвэр, хүч хөдөлмөр шаардсан үе шаттай эмчилгээг хийдэг. Дахилт ихтэй, засал багатай хүнд өвчин.


-Бүрэн эдгэрээд архинаас гарсан нь олон уу?

-Би Сэтгэц наркологийн тасагт 15 жил ажиллаж байна. Сүүлийн гурван жилд дондолтын сувилагч хийж байгаа. Тэгэхэд 1.6 сар, хоёр жил, хамгийн багадаа найман сар архи уугаагүй таван хүн бий. Тэгэхээр тэсвэр тэвчээр, хөдөлмөр гаргаж чадах юм бол эмчилгээ үр дүнтэй.


Ер нь бол архинд донтсон хүний ар гэр тэр хүнээсээ илүү өвчилдөг. Тухайн хүн F10 гэх эмгэгээр өвчилсөн байгаа бол түүний ар гэрийнхэн F10 + F10 гээд хоёр дахин илүү өвчилсөн байдаг учраас ар гэрийнхэнд нь ч эмчилгээ шаардлагатай болдог.


-Та мэргэжлийнхээ юугаар бахархдаг вэ? Хамгийн баяртай бөгөөд гунигтай мөчөөс хуваалцаач?

-Сувилагч хүнлэг, энэрэнгүй байхыг шаарддаг мэргэжил. Маш хүнд ирсэн хүн эдгээд гарахыг харах сайхан байдаг. Бас амь тэнссэн хүний судсыг алдахгүй олно гэдэг маш чухал. Судсаа олж чадахгүй бол ямар ч авралгүй шүү дээ. Өвчтөндөө хүндрэл, төвөггүй байх, эмчилгээг хурдан хүргэхийн тулд сувилагч нь өвчтөний судсыг сайн олдог байх шаардлагатай.

Би Мэдрэлийн тасгийн ээлжид гарч байхад нэг өвгөн цус харваад өнгөрч байсан юм. Тэгэхэд тэр хүний хань “Маш их баярлалаа, сувилагч аа” гэж хэлээд гарч байсан нь санаанаас ерөөсөө гардаггүй. Ямар ч хүнд ханийгаа алдана гэдэг маш том шок, цохилт болно. Тийм хэцүү үед хүний амнаас “баярлалаа” гэх үг бараг гарахгүй дээ. Мэргэжлээрээ бахархаж баярласан хамгийн сайхан үе тэр байлаа. Хэдий амь аврагдахгүй хүн байсан ч сувилгаа, үйлчилгээгээ тултал үзүүлэх нь бидний мэргэжлийн онцлог юм.


-Сувилагч нарын нөөц хэр хангалттай байгаа вэ? 

-Ганц манай аймаг биш, дэлхий нийтээрээ сувилагчийн хомсдолтой байна. Хоёр орон тоон дээр нэг сувилагч ажилладаг. Тэгэхээр хүн л юм чинь ядарна, бухимдана, түүнээсээ болоод алдаа оноо гаргана. Сувилагчийн нөөцийг нэмэгдүүлэх нь цалин мөнгөтэй л холбоотой асуудал. Хүний амь, эрүүл мэндтэй холбоотой маш том үүрэг хариуцлага үүрсэн хэрнээ “шал арчаад явж байгаа хүнтэй ижил цалин авахаар хүн алийг нь сонгох вэ", өөртөө ял авахааргүй ажлыг л хийнэ шүү дээ. Сувилагчийг тогтвортой ажиллуулахад төр засгийн бодлого хэрэгтэй.

Насаараа ажилласан бидний хувьд ажил мэргэжилдээ үнэнч. Өөр ажил хийе гэсэн ч чадахгүй болтлоо энэ ажилдаа дасан зохицсон байна. Гэтэл залуучууд өөр, тэдэнд маш олон сонголт бий.


-Та ямар цол зэрэгтэй вэ?

-Монгол улсын Ахлах зэргийг 2012 онд, Тэргүүлэх зэргийг 2017 онд хамгаалсан.


-Та бас сувилахуйн арга зүйч. Олон жил сургагч багш хийж байна уу?

-Нийт ажилласан 34 жилийхээ 20 гаруй жилд арга зүйч, сургагч багш хийсэн байна. Ерөнхийдөө арга зүйн зөвлөгөө өгөх, чиглүүлэх үүрэгтэй ажилласан гэсэн үг.

2007-2010 онд “Эрүүл мэндийн хөгжил – 2 төсөл” хэрэгжиж, би сургагч багшаар төгсөж байсан юм. Илтгэл гэж мэдэхгүй, слайд дээр фалмастраар бичээд подоскопоор цацдаг байв.


Нэг удаа гурван аймгийн сувилагч цугларсан үед хичээл заачихаад иртэл манай захирал “Би чамайг арай ч ийм сургагч багш болно гэж бодоогүй. Юу хэлчихээд ирэв дээ, чи минь” гээд толгой сэгсэрдэг юм. Тэр үед БОЭТ-ийн захирлаар гавьяат эмч Р.Дуламсүрэн ажиллаж байсан. Сайн удирдагч ажилтнаа ямар үед хайрлах, хурцалж өгөхөө мэддэг, тэр байдлаараа хүнээ хөгжүүлж чаддаг юм.

Захирлынхаа хэлсэн хатуу үгэнд цочирдоод дараагийн хичээлээ шөнөжин толины өмнө давтаад хонож билээ. Тэгж хүний өөдөөс хараад үг хэлдэг, хөдөлгөөнөө хүртэл хянаж чаддаг болсон. Би сайн даргын ачаар өөрийгөө чадваржсан гэж боддог юм. Тэр үеийг дурсахад гоё байна. Ажил мэргэжлийн уралдаанд их оролцдог байсан. Тэндээс маш их зүйлийг суралцдаг.


-Шавь нар олон уу. Тэдэндээ юуг захидаг вэ?

-Шавь гэвэл тоолж барамгүй олон. Бүсийн хэмжээнд сургалт явуулж, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сувилагчдын кредит цагийг хангадаг байсан болохоор шавь олонтой гэж хэлж болно. Ажлыг яс хийгээд сурчихсан хүн бусдаас тийм л зүйл шаарддаг. Гэтэл энэ чанар маань залуучуудтай зөрчилдөх үе бий. Эхнээсээ буруу, хайнга хийгээд сурчихсан хүн хэзээ ч зөв хийдэггүй. Мэргэжлийн хувьд бид алдах эрхгүй учраас эхнээс нь зөв хийх шаардлага тавьдаг. Тэгвэл өөрт зовлонгүй, алдаа гаргахгүй, бусдад хүндрэл учруулахгүй сайн талтай.


-Баярлалаа. Таны эрүүл энхийг хамгаалах ажилд нь амжилт хүсье.

- Хамт ажилладаг болон үе үеийн бүх сувилагчдадаа Олон улсын Сувилагчдын эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргээд “Сувилагч мэргэжлээрээ бахархаж яваарай. Үнэхээр сайхан мэргэжил шүү” гэж хэлье. Баярлалаа.

 


Related news