БАЯНХОНГОР: Баацагаан сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-15 13:26:54

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт өнөөдөр 3.5 магнитудын газар хөдөллөө. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 5 дугаар сарын 15-ны өдрийн 11.13.38 цагт газар зүйн байршил (өргөрөг, уртраг) : 45.80 99.15 солбицолд газар хөдлөлт бүртгэгдэв.


Тус бүс нь Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг бөгөөд Баацагаан сумын төвөөс баруун хойд зүгт 34 км, Бууцагаан сумын төвөөс зүүн урд зүгт 54 км, Бөмбөгөр сумын төвөөс баруун урд зүгт 57 км-т байна.

2023 онд аймгийн хэмжээнд гурван удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Он гарсаар,
2024 оны 1 дүгээр сарын 5-ны 02.51 минутад Бөмбөгөр сумын нутагт 3.7 магнитудын,
2024 оны 3 дугаар сарын 5-ны 20.48 минутад Баянлиг сумын нутагт 3.5 магнитудын,
2024 оны 3 дугаар сарын 24-ний 17.44 минутад Жинст сумын нутагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол ийнхүү дөрөв дэх удаагийнх нь Баацагаан суманд бүртгэгдлээ.

Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг аж.

Тус аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг бөгөөд газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг бөгөөд энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Related news