ӨВӨРХАНГАЙ: Хангайн бүсийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-16 18:00:16

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ, МСНЭ-ийн Архангай аймаг дахь “Сайн-Оюут” салбар зөвлөлөөс “Хангайн бүсийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын зөвлөгөөн”-ийг 5 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулсан тус зөвлөгөөнөөр МСНЭ-ээс сургалт хийж, орон нутгийн сэтгүүл зүйн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.




Цахим орчинд хүн бүр мэдээлэл түгээгч, нийтлэлч болж, мэдээ, мэдээллийн хэт их нийлүүлэлт байгаа энэ цаг үед мэргэжлийн сэтгүүл зүйн онцлог юу байх, бүсийн хэмжээнд мэдээллийг хэрхэн солилцож, түгээх талаар орон нутгийн сэтгүүлчид санал бодлоо илэрхийллээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлч, боловсон хүчний дутагдалтай байгааг хэлж байв.



Мөн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж буй томоохон хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. Архангай аймаг сүүлийн нэг жилд түүхт 100 жилээ тэмдэглэж, “Ара комплекс”, “Тамирын жавар – 2024” фестивалийн шинэ зохион байгуулалтаараа олны анхаарлыг татаж чадсан.


“Улсын хэмжээний томоохон үйл ажиллагааг орон нутагтаа зохион байгуулснаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчид үр шимийг нь хүртэж, орлого нэмэгддэг” хэмээн тэрбээр хэллээ.

 

Related news