“Чингис хаан” дэлхийн шилдэг 111 нисэх буудлын нэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-23 09:53:10

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал дөрвөн одтой болсныг өмнө нь бид мэдээлж байсан билээ.


Өнгөрсөн сард ХБНГУ-ын Франкфурт хотод болсон “Skytrax world airport awards” ёслолын үеэр нисэх буудлын удирдлагууд “4 STAR AIRPORT” батламж гэрчилгээгээ гардан авч байв. Тэгвэл өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд батламжаа албан ёсоор залах ёслол зохион байгууллаа.

 

Монгол Улсыг дотоод болон гадаадтай холбох агаарын үүд хаалга болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2023 оныг түүхэндээ хамгийн олон буюу 1.7 сая гаруй зорчигч хүлээн авсан амжилтаар үдсэн юм. Улмаар 2024 онд Монголын иргэний нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртэв.

 

Их Британийн Лондон хотод төвтэй тус байгууллага нь 1989 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нисэх буудлуудыг 800 гаруй шалгуур үзүүлэлтээ 1-5 оноогоор үнэлдэг байна. Энэ дагуу “Чингис хаан” ОУНБ-ын зорчигч үйлчлүүлэгч рүү чиглэсэн бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, нисэх буудлын тав тух, цэвэр цэмцгэр байдал, орчны тохижилт, цахим хуудсын ажиллагаа, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага, гадаад хэлний мэдлэг зэрэг 800 гаруй шалгуур үзүүлэлт бүрээр үнэлжээ.


“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь “4 од” зэрэглэл авсан ч зарим үйлчилгээ нь таван онооны шалгуур хангасныг нисэх буудлын удирдлагууд онцолж байв. Тухайлбал, хилийн шалган нэвтрүүлэх, аюулгүй байдлын үзлэг, зорчигчийн хүлээх хугацаа, зарлан мэдээлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, AED төхөөрөмж байршуулалт, тав тухтай байдал, агааржуулалт, цэвэр цэмцгэр орчин, ариун цэврийн өрөө, байгууламжийн стандарт зэрэг нь таван онооны шалгуур хангасан байна. Үүнээс гадна “Скайтракс” олон улсын байгууллагаас нисэх буудлын угтаж авахаас эхлээд үдэн гаргах хүртэлх бүх шатны ажилтнуудын харилцаа хандлагыг мэргэжлийн түвшинд байгааг онцолж, “Чингис хаан” нисэх буудлыг цомхон бөгөөд чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлж байна хэмээн дүгнэжээ.


Дэлхийд дөрвөн одны зэрэглэлтэй 22, таван одны зэрэглэлтэй 89 нисэх буудал байдаг тул тэдгээр дэлхийн шилдэг 111 буудлын нэг нь ”Чингис хаан” нисэх буудал маань болж байна.

 

Нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн хувьд нисэх буудлыг олон улсын түвшинд үнэлүүлэх зорилт тавьж, олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд бэлтгэлийг хангаснаар нисэх буудлын үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд нэгэн жигд, ижил түвшинд үйлчилгээгээ сайжруулах нөхцөлийг бүрдүүлжээ. 

 

“Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Хил, Гааль, Гадаадын иргэн харьяатын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, Тээврийн прокурор, Тагнуул, Иргэний агаарын тээврийн цагдаагийн газар,  агаарын тээвэрлэгч авиакомпаниуд, худалдаа үйлчилгээний газрууд гэх мэт төрийн тусгай чиг үүргийн болон хувийн хэвшлийн 80 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.  


Энэ сарын 20-ны байдлаар, тус нисэх буудалд гадаад, дотоодын агаарын тээвэрлэгч 20 авиа компани олон улсын 23, орон нутгийн долоон чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.











Related news