Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчид дээд хэмжээний уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-05-24 09:45:06

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 24 /NHK/. Өмнөд Солонгос, Хятад, Японы удирдагчид Сөүл хотноо ирэх даваа гарагт гурван талт дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ нь сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд хийж буй ийм түвшний анхны уулзалт болох юм.


Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас пүрэв гарагт мэдэгдсэнээр, Ерөнхийлөгч Юн Сог Ёль мөн ням гарагт Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нартай хоёр талын хэлэлцээ хийнэ.


Талуудын хэлэлцэх сэдвүүд нь эдийн засаг, иргэд хоорондын солилцоо, дижитал технологи, гамшгийн үеийн хамтын ажиллагаа зэрэг байх болно гэж Тамгын газраас мэдээлжээ. Түүнчлэн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах төлөвтэй байна.


Азийн гурван улс бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар тохиролцсон юм. Гэвч Япон, Өмнөд Солонгосын хоорондын маргаан, COVID-19 цар тахлын улмаас уг санаачилга тасалдаад байлаа. Хамгийн сүүлд гурван талт дээд хэмжээний уулзалт 2019 оны 12 дугаар сард болжээ.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь гурван талт хамтын ажиллагааны тогтолцоог бүрэн сэргээж, хэвийн болгоход эргэлт болно гэж Тамгын газраас мэдэгдсэн байна.



Related news