Хасагт Хайрхан, Дарвийн нурууны ирвэсийн тоо толгой зургаан жилд хэрхэн өөрчлөгдсөнийг тогтооно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-04 10:25:27

Говь-Алтай, зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Говь-Алтай аймгийн Хасагт Хайрхан, Дарвийн нурууны ирвэсийн тоо толгойн судалгаа хийж эхэллээ. 


2019 онд хийсэн камерын судалгаагаар Хасагт Хайрхны 5161 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрт 16 ирвэс, Дарвийн нурууны 1776 хавтгай дөрвөлжин км газар нутагт 6 ирвэс байгааг тогтоосон. Хамгийн сонирхолтой нь, эдгээр уулын 100 хавтгай дөрвөлжин км газар нутагт ногдох ирвэсийн тоо нь тэнцүү буюу 0.35 бодгаль ногдох нягтшилтай байжээ. Бид зургаан жилийн дараа ирвэсийн тоо толгой хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоохоор камер суурилуулах ажлаа эхэллээ хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээллээ.


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар санаачлан манай орны цоохор ирвэсийн тархац нутгийг нарийвчлан тогтоох, тоо толгойг үнэлэх өргөн цар хүрээтэй судалгааг Монголын ирвэс хамгаалах сан, Олон улсын ирвэс хамгаалах сан, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэн хамтран 2017 оноос хийсэн. Үүнд МУИС-ийн эрдэмтэн судлаач, Тусгай хамгаалалттай газар нутгуудын мэргэжилтэн, байгаль хамгаалагч, нутгийн иргэд гээд 500 орчим хүн оролцож, 10 аймгийн 406 мянга 800 хавтгай дөрвөлжин км нутгийг хамруулахад ирвэсийн тоо толгой 806-1127 хооронд буюу ойролцоогоор 953 байна гэсэн судалгааны үр дүн гарчээ.


Дэлхий дээр 5000 хүрэхгүй цоохор ирвэс байдаг бол түүний 20 хувь нь Монгол оронд бий. Энэ оны судалгаагаар 953 цоохор ирвэс байгааг тогтоожээ. Тэдний олонх нь Алтай Соёны эко бүсэд, мөн Хангайн нуруунд цөөн тооны жижиг талбайд хязгаарлагдмал тархсан байдаг аж. 


Урьд өмнө нь Ази, Африк, БНСУ-аас Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан агнуур, амьдрах орчны алдагдал зэргээс болж хумигдан, өдгөө Сахараас өмнөх Африкт голдуу, Пакистан, Энэтхэг, Малайз, Хятадад алаг цоог тархжээ. Тоо толгой нь багасахын зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулжээ.


Related news