БАЯН-ӨЛГИЙ: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль баталж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Дээрх хуулийн дагуу Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. Улмаар 2013 оны "Шүүх байгуулах тухай хууль"-аар Захиргааны хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж байв. 2015 онд баталсан "Шүүх байгуулах тухай хууль"-ийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болгон өөрчилж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэ жил 20 жилийн ойн баяр нь тохиож байна.
2004 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгчийн албан тушаалыг тус аймгийн Шүүхийн ерөнхий шүүгч нь хавсран гүйцэтгэж байжээ. Харин 2013 оны Шүүх байгуулах тухай хуулийн дагуу байгуулсан Захиргааны хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх нь өөрийн ерөнхий шүүгчтэй болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар зарлигаар Зукарын Гүлбаршаг тухайн албан тушаалд томилсон байна.
Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2004 оны 8 дугаар сарын 2-ны өдөр анхны нэхэмжлэл хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн ба 2024 он хүртэл нийт 1040 гаруй хэргийг шийдвэрлэжээ.
Тус шүүх нь шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр 2007 онд “Хамгийн сайн менежменттэй шүүх”-ээр шалгарч, үйл ажиллагаа явуулсан 20 жилийн хугацаанд нийт 3 удаа шүүн таслах ажлын чанарын үзүүлэлтээр улсад тэргүүлжээ. Мөн 2015 оноос нийтийн хүртээл болж байгаа “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл” ботид тус шүүхийн шүүгчдийн шийдвэрүүдийг тасралтгүй 7 жилийн турш сонгон хэвлэж байгаа.
Одоо Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий
шүүгчээр нь З.Гүлбарша, шүүгчээр нь С.Еркеш, М.Риза нар ажиллаж байна.