Антибиотекийг хэрхэн зохистой хэрэглэх талаар иргэдэд ойлгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-07 16:40:24

Дундговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагууд “Антибиотекийн даслаас урьдчилан сэргийлье” аяныг эхлүүллээ.

Иргэд эмийг дур мэдэн хэрэглэж, эмийн замбараагүй хэрэглээг үүсгэдэгийн улмаас эмийн гаж нөлөө ихсэж, нянгууд антибиотект тэсвэртэй болох, хоруу чанар нь нэмэгдэх, улмаар эмчилгээний зардал өсөх зэргээр эргээд иргэдэд хүндрэл учруулдаг. Үүнийг иргэдэд ойгуулж, антибиотекийн зохисгүй хэрэглээг хязгаарлахад энэ аяны зорилго чиглэжээ.

Арав хоног үргэлжлэх аяны хугацаанд антибиотек болон нянгийн эсрэг үйлдэлтэй эмийг эмчийн заалтын дагуу зохистой хэрэглэх, жороор худалдан авах ач холбогдол, эмийн гаж нөлөөний талаар ойлголтыг иргэдэд өгч, эмийн замбараагүй хэрэглээний улмаас бие махбодид учирч болзошгүй хор хөнөөл, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар олон талт ажлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төвүүд зохион байгуулах юм байна.

Түүнчлэн халдвар үүсгэгчийг илрүүлэн оношлох,  нянгийн антибиотект мэдрэг чанарыг тодорхойлох, оношлогоо шинжилгээний арга хэлбэр, шинэ техник технологи, шинжилгээний арга барил нэвтрүүлсэн, микробиологийн судалгаа шинжилгээний талаар мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэх ажээ.

Т. Отгонтуяа         

 

Related news