Эверестэд дроноор ачаа хүргэх анхны туршилтыг амжилттай явуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-06-05 17:04:52

КАТМАНДУ/ШЭНЬЖЭНЬ, 2024 оны зургаадугаар сарын 5 /Xinhua/. Эверест ууланд Балбын талаас анх удаа дроноор ачаа хүргэх туршилтыг амжилттай явуулснаар ууланд авирах, аврах ажиллагаа явуулах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүллээ гэж Хятадын дрон үйлдвэрлэгч “DJI” компани өнөөдөр мэдэгджээ.  


Энэ оны дөрөвдүгээр сард “DJI FlyCart 30” дроныг ашиглан явуулсан туршилтын үеэр гурван хүчилтөрөгчийн баллон болон 1.5 кг жинтэй бусад ачааг 5364 метрийн өндөрт орших бааз лагериас нэгдүгээр бааз руу /6000 орчим метр/ хүргэсэн бөгөөд буцах замдаа хог зөөвөрлөсөн байна.


Кхумбу мөсөн гол нь бааз лагерь болон нэгдүгээр бааз хоёрын хооронд оршдог бөгөөд мөсөөр хучигдсан, байнга цасан нуранги болдог тул маш аюултай газарт тооцогддог. “Бид өдөр бүр 6-8 цагийг энэ мөсөн голыг дамнан алхах хэрэгтэй болдог. Өнгөрсөн жил гурван шерпа амиа алдсан” гэж “Imagine Nepal Trek and Expeditions” компанийн хөтөч Мингма Гялже Шерпа ярьжээ.


Харин “DJI” компанийн мэдээлснээр, уг дрон 15 кг жинтэй ачааг бааз хооронд 12 минутын дотор өдөр, шөнөгүй тээвэрлэх боломжтой байна. Туршилтын үеэр FlyCart 30 нь Балба, Хятадын хил дээр орших Эверест уулан дээр 6191.8 метрийн өндөрт нисэж, 6000 метрийн өндөрт 15 кг жинтэй ачааг тээвэрлэх чадалтай болохоо харуулжээ.



Дроноор тоног төхөөрөмж, уулчдад шаардлагатай хангамж, хог хаягдлыг аюулгүй тээвэрлэх нь Эверест уулын логистикт хувьсгал хийж, хог цэвэрлэх ажлыг хөнгөвчилж, холбогдох бүх хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах боломжтой гэж Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Шэньжэнь хотод DJI компанийн стратеги хариуцсан захирал Кристина Жан хэлжээ.


Туршилтын дараа Балбын нэгэн дроны компани тавдугаар сарын 22-ноос эхлэн Эверестэд дроноор хүргэх үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулжээ. DJI”-ийн дроныг тавдугаар сарын 29-нд олс, шат зэрэг хогийг буулгахад ашигласан бөгөөд дрон 30 кг жинтэй ачааг даах чадалтай гэж Эверест уул байрладаг Балбын Хумбу Пасанг Лхаму хотын захиргааны ахлах ажилтан Жагат Прасад Бхусал мэдээлжээ. Мөн дроныг Ама Даблам ууланд ашиглахаар төлөвлөж байгаа талаар тэрбээр ярьсан байна.

Related news