БАЯН-ӨЛГИЙ: НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтот бүлгийн хүүхдүүдэд тоног төхөөрөмж хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны зургаадугаар сарын 5 МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Баян-Өлгий аймгийн "Жаннур" энэрлийн төвийн хүүхдүүдэд тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ.
Тухайн төвийн дотуур байранд хагас болон бүтэн өнчин, амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн 40 гаруй хүүхэд амьдардаг.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл саяхан тус аймагт ирж ажиллахдаа "Жаннур" энэрлийн төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцжээ. Үүнээс хойш богино хугацаанд төвийн хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих, амьдрах
ухаанд сургах, бие даах чадварыг нь хөгжүүлэх зорилгоор 6 ханатай эсгий гэр,
гар урлал болон оёдлын тоног төхөөрөмж, хэрчсэн гурил, амтат бялуу, нарийн боов
хийх хэрэгсэл, мужааны цехийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байгаа нь энэ аж.
Ийнхүү зорилтот бүлгийн хүүхдүүд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсанаар чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдрах ухааны боловсрол эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна.