Монголын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Жанчхүү хотод дэлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-06 09:33:03

Улаанбаатар, 2024 оны зургадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ирэх сард БНХАУ-ын Хэбэй мужийн Жянжяакоу буюу Жанчхүү хотод зохион байгуулах гэж байна.


“Хятадын зах зээлд орох алтан боломж” уриатай үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын “Жанчхүү Шуан И” худалдааны төв, Жанчхүү хотын Цяо Си дүүргийн Засгийн газар, Монгол Улсаас “Номад планет” компани, МҮХАҮТ хамтран “Жанчхүүгийн өргөн чөлөө-эртний худалдааны зам” төвд зохион байгуулах талаар МҮХАҮТ-аас мэдээллээ.

Чуулалт хаалга хэмээн нэрлэгдэж ирсэн, Хятадын Цагаан хэрмийн үүдэн хот дахь Жанчхүүгийн өргөн чөлөө нь эртний түүхт худалдааны зам юм. "Хойд нутгийн торгоны зам" хэмээн нэрлэж ирсэн энэхүү зам нь дотоод, гадаадад улс төр, эдийн засаг, соёлын чухал нөлөөллийг үзүүлсэн төдийгүй одоо ч түүхэн байр суурийг эзэлж байдаг аж.

Худалдааны зам нь Жанчхүүгийн Том цонхон хаалга (Да Жин Мэн)-наас эхлээд Эрээн хот, Монгол Улсын Замын-Үүдээр дайран Улаанбаатарт хүрч улмаар ОХУ-ын Хиагт, Чита, Динск зэрэг хотоор дайран үргэлжилдэг байв.
Өнөөдрийн Жанчхүү хот нь БНХАУ-ын эдийн засгийн гурван томоохон бүс (Хөх мөрнөөс урагших эдийн засгийн бүс, Гуандун мужийн төв өмнөд хэсгийн эдийн засгийн бүс, Бээжин-Тяньжин-Хэбэйгийн эдийн засгийн бүс)-д зүй ёсоор ордог, Монгол Улсаас Бээжин, Тяньжин, Хэбэй мужийн зах зээл рүү орох гол үүд хаалга болж байна.


БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотод болох Монголын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны үеэр шилдэг бараа, бүтээгдэхүүнийг шалгаруулж, зохион байгуулагч Хэбэй муж БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод борлуулж худалдахад агентийн үйлчилгээ үзүүлж дэмжих аж. 


Related news