ГОВЬ-АЛТАЙ: Үертийн амны түүх, соёлын үл хөдлөх дурсгал Чулуун хөшөөг хамгаалалтад авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-06 15:39:37

Говь-Алтай, зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлгэр сумын Баянбуурал багийн Үертийн ар, өвөр салааны бэлчирт байрладаг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Чулуун хөшөөг хайсжуулан хамгаалалтад авсан тухай Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас мэдээллээ.


Энэ чулуун хөшөө нь ногоон номин чулуугаар хийсэн, ямар нэг дүрслэлгүй бөгөөд зүүн, баруун талдаа 20-35 см өндөр хашлагатай, урд талдаа 9,4 м голчтой ухсан ором бүхий нүхтэй. Хөшөөний өндөр 194 см, өргөн 32 см, зузаан 16 см хэмжээтэй ажээ.



Говь-Алтай аймгийн 12 сумын 35 дурсгалт газарт 50 буган хөшөө бүртгэлтэй байна. Түүнчлэн тус аймгийн нутагт буй буган хөшөөд Монгол Алтайн гол нурууны дагуу Тонхил, Бугат сумын нутагт төвлөрч ихэвчлэн голын хөндийд байрлажээ.


Хамгийн их тархацтай нь Тонхилд 18, Бугатад 7, Эрдэнэд 6, Дэлгэр суманд 4 хөшөө байна. Бусад суманд харьцангуй цөөн. Тухайлбал, Төгрөгт 3, Бигэрт 3, Алтайд 2, Халиун 2, Баян-Уулд 1, Даривд 1, Есөнбулагт 1, Шарга суманд 1 хөшөө байгаа юм. 


Буган хөшөө нэг дор олноороо цогцолбор болж байрласан нь маш цөөхөн бөгөөд зөвхөн Тонхил сумын нутаг Тамчийн талд 5, Замтын аманд 4, Бугат сумын Бургасны гүүрэнд 3, Эрдэнэ сумын Цэлгэр 4 хөшөө нэг дурсгал газарт байгаагаараа онцлогтой. Харин бусад буган хөшөөд ганц, хоёроороо хиргисүүрийн дэргэд эсвэл дангаараа тахилын байгууламжтай байдаг тухай Монгол орны археологийн цуврал бүтээлд тэмдэглэсэн байна. 


Related news