ХӨВСГӨЛ: Аялал жуулчлалын эко бүс болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, аялал жуулчлалын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд “Аялал жуулчлал дахь нутгийн иргэдийн оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшил, нутгийн иргэд, гадаад, дотоодын жуулчид байгальд ээлтэй эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болж уриалга гаргалаа.
Уриалгад “Хөвсгөл аймаг 6 угсаатныхаа ахуй соёл, брэндингээ
тодорхойлох, аялал жуулчлалын бүс, аяллын маршрутаа хөгжүүлж гадаад, дотоодын
зах зээлд сурталчилна.
Нүүдэлчин ахуй соёлд түшиглэсэн аяллын бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.
Үйлчилгээний салбарын боловсон хүчнийг сургах дадлагажуулах, их дээд сургууль, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллана.
Аялал жуулчлалаас үүдэлтэй хог хаягдлыг багасгах, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, үйлчилгээний байгууллагууд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгальд ээлтэй технологиор шийдвэрлэнэ.
Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал
жуулчлалын “Эко бүс” болохын төлөө аялал жуулчлалд оролцогч бүх талууд хамтран
ажиллах”-ыг уриалсан байна.