СҮХБААТАР: Өргөө гэр дэх “Зуны зугаатай уншлага”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-07 14:01:12

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас сурагчдын зуны амралтад зориулж жил бүр тодорхой зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаад “Зуны зугаатай уншлага” хөтөлбөрийг эхлүүлжээ.


 

Ингэхдээ номын санд бус аймгийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр найман ханатай гэрт хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Соёлын яамны санхүүжилтээр олгосон энэ өргөө гэрийг салбарын үйл ажиллагаанд тогтмол ашиглаж номын сангийн шинэ орчин, шинэ үйлчилгээг бий болгосон нь энэ юм. Цаашид аймгийн Жаахан шарга театр, Угсаатны зүйн музейн үйл ажиллагааг ч энд үзүүлэх боломжтой юм.  


 

Хүүхэд багачууд өдөр бүр тодорхой сэдвийн хүрээнд ном, үлгэрээ уншиж, ойлгосноо зургаар, хайчилбараар, дүрийн тоглолтоор илэрхийлж, өөр хоорондоо ярилцаж мэтгэлцдэг. Ингэснээр хүүхдүүд зөвхөн номтой нөхөрлөх бус багийн ажиллагаанд суралцах, бусдын өмнө өөрийгөө илэрхийлж сурах, найз нөхөдтэй болох гээд ач холбогдол ихтэй. Хүүхдүүд маш дуртайгаар зорин ирж, үйлчлүүлж байгаа нь шинэ орчинтой ч холбоотой гэж Хүүхдийн уншлагын танхимын номын санч Р.Цолмон ярилаа. 

.

Related news